Monday, September 12, 2011

МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН VIII БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ: АМЬДРАЛ БА ДОМОГ ҮНЭН БА ХУДАЛ

Зохиогч: Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан
Редактор: Профессор З.Лонжид
Нэмэлт оруулсан хоёр дахь хэвлэл, УБ., 2011 он, монгол хэлээр, 722 хуудастай, 250 түүхэн гэрэл зурагтай

Энэ бол ХХ зууны эхээр сэргэн мандсан Монгол Улсын сүүлчийн бөгөөд цорын ганц эзэн хаан байсан Богд Жавзандамба хутагтын тухай түүхэн эх сурвалж, бодит баримтанд тулгуурлан бичсэн ХХ зууны эхэн үеийн монголчуудын үнэн түүх болой. Өчүүхэн судлаач миний бие энэ болон өмнөх өөрийн судалгааны бүтээлүүдээрээ ХХ зууны үзэл сурталжсан хуурмаг түүхэнд салхи оруулж, түүхийг шинэ хандлагаар тодорхойлоход өөрийн хувь нэмрийг оруулахыг хичээж буй болно.

Эл судалгааны бүтээлд Монгол Улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын Монголын түүхэнд эзлэх байр суурь, үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оруулсан хувь нэмрийг тодорхой харуулсан болно.
1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Эл түүхэн үйл явдлыг санаачлан, оройлон зохион байгуулсан, удирдагч нь болох Богд Жавзандамба хутагтын тухай социализмын он жилүүдэд феодал, сохор, өвчтэй гэх мэтээр дайрч гутаан, кино, ший, уран зохиолд ийм өнгө аясаар үзүүлж, бичиж доромжилж байлаа. Бүр түүнийг амьсгалаа хураан хураатал Монголын тусгаар тогтнолын дайсан байсан мэтээр бичихэд хүрч байлаа. Архивын эх сурвалж, баримтууд үүний эсрэг өгүүлж байна.

Монголчууд Богдын удирдлагаар дөнгөж тусгаар тогтнолоо олоод байсаны дараахан Хүрээнд сууж байсан Оросын консул В.Ф.Люба бичихдээ: “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан, энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэж тэмдэглэсэн нь чухам үнэнийг илэрхийлсэн ажээ.
Эл номонд Богд хаан, эх дагина Дондогдулам болон Түшээт ван Чагдаржав, чин ван Хандорж, Да лам Цэрэнчимэд, Хайсан гүн, Сайн ноён хан Намнансүрэн зэрэг энэ үеийн Монголын үндэсний эх оронч зүтгэлтнүүдийн тухай, Далай лам ба Богд гэгээнтэн, Манж амбан Сандоо ба Богд гэгээнтэн нарын харьцаа, Богдын хувийн болон улс төрийн амьдрал, түүний дэлхийг бишрүүлсэн үнэт эрдэнэсийн сан зэрэг онц сонирхолтой зүйлсийн талаар өгүүлсэн болно. Мөн Богд хаан хэрхэн нас барсан хийгээд түүнийг нас барсаны дараа өв хөрөнгө, асар их алт эрдэнэс нь хаашаа орсон талаар, Богдын хойт дүрийг тодруулах нэрийдлээр Далай лам руу очсон төлөөлөгчдийн дотор хэрхэн Улаан Орос, Коминтерны төлөөлөгч багтсан талаар ч тодорхой өгүүлсэн болно. Эцэст нь Богд хийгээд хутагт хувилгаадыг тодруулахыг улаан коммунистууд бүр мөсөн хориглосоныг тодорхой харуулсан болно.

Хэрэв та Монголтой ямар нэгэн шижимээр холбоотой бол Монголын түүхийн дайрч гутаасан, тойрч зугтаасан эл хуудсуудыг заавал уншаарай.
Эл номыг Интерном, УИД, Мир зэрэг номын дэлгүүрээс авч болно.
1911 оны үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан нэмэлт оруулж хэвлэсэн эл хоёр дахь хэвлэл нь хатуу болон зөөлөн хавтастай хэвлэгдсэн болно.

No comments: