Saturday, August 25, 2007

Бvv хэрэлд !

7. 45 эхнэр нөхөр хоёрын хэрүүлийг эхлүүлэв. Эхлэв биш, эхлүүлэв шүү, учир нь хэрүүл өдсөнөө хүлээн зөвшөөрдөг нь үгүй бөгөөд энэ оньсгийг тайлахаар есөн жил хэрэлдэж байна. Тиймээс 7.45 хэрүүл эхлүүлэв. Эд “чи битгий хэрүүл өдөөд бай” гэж хаяа нэгэндээ сануулж шалтгааныг эрэх авч хэрүүл ширүүсэхэд л бүгдийг умартан бие биенээ давахаар дүрэлзэнэ. Эдний угжирсан хэрүүл эхлэл, төгсгөлгүй. Ажихад аливаа юманд эхлэл байж дараа нь өрнөл тэгээд төгсгөл гэж байдаг бол энэ хэрүүлд зөвхөн өрнөл л бий мэт санагдана. Магадгүй зөвхөн өрнөл өрнөдөгөөс хэрүүлийн ард гарч болохыг эд төсөөлөө ч үгүй байх. Гэхдээ хоёулаа залхсан болохоор хэрүүлгүй амьдарч болно гэж ухамсарлаагүй ч мэдрэмж бол байсаан. Гэвч цэглэхэд зориг, ухаан хэрэгтэй аж. Ганц хоёр удаа эд хэрүүлийг үүрд цэглэх гэж оролдсон ч зориг, ухаан хүрэлгүй орхисон тал бий. Нэг удаа төгсгөлд дөхүүлтэл нөхөр нь гурван хоног архидаж ондоо хүүхэнтэй орооцолдсон, мөн нэг удаа хэрүүл шувтарахын даваан дээр эхнэр нь амиа хорлоно гэж орилж чарлан гудамжаар шалдан нүцгэн гүйн машин доогуур орох шахсан. Товчхондоо, энэ хэрүүлийн төгсгөл бол салалт. Харамсалтай ч энээс дээр шийдэл олоогүй. Хэрэв арай салалгүй хэрүүлийг бүр төгсгөлд нь хүргэж болдогсон бол цоо шинээр амьдарч магад. Шинэ хэрүүл өрнөлөө ч шинэ шалтгаантай учир учрыг олох амар, үүсвэр тод бол өрнөл нь мэдрэгдэж, төгсгөл нь ч барагцаалагдана. За энэ яахав амьдралд биелэгдэхээргүй миний онол шүү юм.

Энэ гэрийн хэрүүлийн нурам мөнхөд бүлээн учир хэзээд ч дүрэлзэх осолтой. Яг мөн чанартай бол энэ хоёрын голд үл үзэгдэгч хэрүүлийн тулам үргэлж дүрэлздэг. Тэгээд эд ээлжээр тийшээ үсэрч, нэгнээ угзаран татах, эсвэл заримдаа хоёулаа зэрэг орж суга хэрэлдчихээд, заримдаа нэг нь бултан гарах, эсвэл хоёулаа үг дуугүй гарцгаадаг. Бас заримдаа хэрүүлийн тулмаас эхлэж гарсан нь нөгөөгөө өрөвдвөл энхрий үгс хэлж бухимдал гомдолыг нь тайлна. Жишээлбэл эхнэр нь “Эвий минь, эвий минь хар нүдэн минь” гэсэн үгтэй мэссэж явуулж, үг хэлдэг заншилтай. Заримдаа ч хохино гэж боддог юм уу тэр чигт нь нэг нэгнээ хэрүүлийн туламд орхино. Гэхдээ уншигч та эд 24 цаг тасралтгүй хэрэлдээд л байдаг гэж битгий ойлгоорой. 24 цагт унтаж хэвтэх, ажил төрөлдөө явах, эхнэр нь нөхөртөө, эсвэл нөхөр нь эхнэртээ хайраа илчлэх гээд ер нь бүх жирийн гэр бүлийнхэн шиг амьдрана. Ганцхан нэг ялгаа нь гэвэл, ялгаагүй ч байж болох, суухдаа хоёулаа биш гурвуулаа суусан юмшиг сэтгэгдэл хоёуланд нь байнга үүснэ. Эхнэр, нэмэх нь хэрүүл, нэмэх нь нөхөр, тэнцүү гэр бүл. Мэдээж эр эм болохоор хэрүүлтэй ч үр хүүхэд төрүүлсэн, бас төрүүлэхээс ч олон абортлуулсан.

Хэрүүлтэй гэр бүл салдаггүй, харин огт хэрэлддэгүй хүмүүс л салж сарнидаг гэж эхнэр нь хаяа бусдад мэдэмхийрдэг болохоор үүнийг энэ гэр бүлийн гол зарчим гэж хэлж болно. Харин энэ өглөөний 7.45-ын хэрүүл гол зарчим алдаатайг баталсан билээ.

-Чи дуугаа тат л даа, би яачихаа вэ, бусдаас дутахгүй гээд л амьдралынхаа төлөө зүтгэж л явна шүү дээ гэж нөхөр нь орноосоо ууртай хэлэв.
-Аанн, чиний амьдралаа бодно гэж юу юм бэ? Хүүхэд сургуульд орох болчихоод байхад олигтой ч дүрэмт хувцас авч өгч чадахгүй байж... чи биеийн амрыг хараад л хэвтэж байдаг биз дээ...
-Үгүй би ажлаа таслахгүй, ганц ч удаа олигтой амралт авалгүй чартайгаад л явна шүү дээ хэмээн хэлээд нөхөр нь хиртэй хувцас ялган угаахаар бэлдэж буй унтлаганы хувцастай эхнэрээ хальт харав.
-Чи яаж ажиллаж гийгүүлсэн юм бэ? Хөл дүүжлэх унаа ч авч чадахгүй байж, чамайг ямар эр хүн гэдэг юм.
-Чи тэгээд тэр унаатай эр хүнтэйгээ явахгүй юу гэж уур нь огцом хүрсэн нөхөр нь дэр өөдөөс нь чулуудлаа. Нөхрийнхөө уурыг оновчтой довтолж хүргэсэн эхнэрийн бах бага зэрэг ханаж
-Би ямар хүнтэй явах гэж үүнийг хэлээ юу, над шиг хүнтэй явна гэж илэн далангүй хэлчихээд сууж байдаг хүн хүнтэй явдаггүй юм за, харин дуугүй байсан хүмүүс л хүнтэй явдаг юм хэмээн “дуугүй явагчдыг” сайн мэдэх мэт итгэлтэй хэллээ.
-Чи тэгээд яах гээд байгаа юм бэ, ганц амардаг өдрөө чамтай хэрэлдмээргүй байна мэдэв үү гэж аргаа барсан аятай залуу эр хэлээд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөв. Хэрүүл намжих нь гэмээр нам жим болтол ам таглах үг хэлж ялалт байгууллаа гэж ташуурсан залуу “чи ямар эр хүн юм вэ” гэж хэлүүлсний хариуг авахаар хөнжил доороос
-Юм л бол Гомбо жийп уначихлаа, Чимгээ булган шууб өмсчихлөө гээд хүнд атаархаж явах юм. Энийг ер нь ямар найз гэх юм гэж эхнэртээ сонсогдохоор аман дотроо бувтантал
-Би хүнд атаархсандаа тэгэж хэлсэн юм уу аанн, өө муу новшыг хараачээ, энэ муу ингэдэг л байхгүй юу, ямар ч эр нөхрийн шинжгүй арчаагүй муу хулгайч хэмээн дуу нь чангарсан эхнэр хөнжлийн доор нуугдсан нөхрийнхөө дэргэд харайн очиж хөнжлийг нь сөхөн шалдан биеэн дээр нь барьж байсан жинсэн өмдөөрөө сайтар ороолгоод, дахихаар далайхад нь дотоожны завсраар эр эрхтэн нь цухайсан туранхай эр хэзээний сурмаг гар хөлөө сарвайлган хамгаалтын байрлалд орж, далайгчийн нь хөдөлгөөн жаахан саарахад ганц ухасхийн жинсэн өмдийг нь булаав. Гар мухардсан хүүхэн нөхрийнхөө арчаагүй байдлыг харсандаа сэтгэл ханаж “ийм юмыг би яаж тоосон байнаа” гэж зурвас бодон орноос хөндийрөхдөө
-Чам шиг л найзынхаа авгайг орцонд озоод зогдоггүй хүнийг эр хүн гэдэг юм за... би булган шуубанд атаархаж байгаа бол чи найзынхаа авгайд атаарахдаг хөгийн новш ш дээ хэмээн хүүхэн ялалтыг зуун хувь өөрийн талд эргүүлж чадав. Тэрээр бардмаар унтлаганы өрөөний хаалга тас саван угаалгын машинд хувцас хийхээр гарлаа. Эмзэг цэгтээ чичлүүлсэн эр юу ч хэлж чадалгүй нүдээ тас анин, шүдээ зуун хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн хэсэг хэвтэв. Бараг долоон жилийн өмнө авгайгаа жирэмсэн байхад найз Б-ийнхээ амрагтай янаглаж байгаад эхнэрээ утасдахаар нь ажилтай байна гэж хэлчихээд утсаа унтраалгүй халаасандаа хийчихжээ. Эхнэр нь бүгдийг сонсоод тэмдэглэчихсэн гэртээ ирэхэд нь хүлээж байлаа...

Өглөө босоод л хэрүүл хийж амралтын өдөр нь будаа болсон залуу эр “Дүүтэй нь явсныг мэдээгүй л бол яамай гэж” өөрийгөө тайвшруулаад орноосоо хурдан босож, хувцсаа хам хум өмсөн тушаахаар зэхсэн байр, цахилгааны мөнгөө шүүгээнээс авч өмдний халаасандаа хийчхээд эхнэрээ гал зуухны өрөөнд аяга таваг түжигнүүлж байхад сэмээрхэн хаалгаа нээж, гарлаа гэдгээ мэдэгдэх гэсэн мэт хүчтэй саван хааж, шатаар доошоо уруудан шогшлоо. Хаалга савдаг нөхрийнхөө занг мэддэг бүсгүй араас нь хөөсөнгүй, харин унтлаганы өрөөндөө орж байрны мөнгөө шалгаад хэрэлдэхдээ далд хийхээ мартсандаа өөрийгөө зүхэв. Цонхоор доошоо хартал нөхөр нь гараа саван алхаж дэлгүүрийн булан тойрон бараа нь тасрав. Өдөр тийшээ охиноо сэрэхээр утасдуулж хаана байгааг мэднэ гэж сэтгэсэн бүсгүй гэв гэнэт л нөхрөө “моожийгоод л алхаж байна” гэж дотроо өрөвдөв.

“Энэ муу хүүхнээс одоо салнаа ерөөсөө хамаг амьдралыг маань баллаж байна. Би ер нь яачихсан юм. Дандаа л өглөө босоод үглэж байх юм. Ямар шуналтай амьтан вэ. Энээс илүү яалгах гэсэн юм. Тэр чигээрээ л ядуу байхад харин ч хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, хүн луйвардахгүй ажлаа хийгээд өдий зэрэгтэй яваа нь их юм” гэж бодсон залуу эр “можийгоод ууртай алхана”. Тэрээр уурандаа шатаж өөрийгөө зөвтгөн, амьдралыг хараан эргэн тойрноо анзаарах ч сэхээгүй түргэн түргэн гишгэлэнэ. Нар зулай дээрээс төөнөсөн зуны сайхан өглөө байна. Гудамжинд бараг хүнгүй амралтын өдөр бүх юм аажуу тайван, нам жим. Хажуугаар хаяа унаа тэрэг сүнхийж өнгөрөх нь нам жим байдалд хөг оруулах мэт. Гудамжны нөгөө талын хүнсний дэлгүүрээс архи авч найзындаа очъё гэж санасан мань эр “Ерөөсөө авгай авах л буруудаж, авлаа ч гэсэн мөнгө харж авах хэрэгтэй гэж бодтол ШШШИЙХ... гэж машин тооромслох шиг болов... Мэдсэн ч оройтжээ.

Орой зургаан цагийн алдад эхнэр лүү нь эрэгтэй хүн утасдаж
-Дунд зэргийн нуруутай, жинсэн өмд, цагаан цамцтай, Д- овогтой, Г- гэсэн ажлын үнэмлэхтэй, ... –д ажилтай, кармандаа 35 мянган төгрөгтэй, гучаас дөчин насны эрэгтэй хүн таних уу гэхэд нь “хөөрхийдөө мөнгө үрээгүй байна” гэж бодсон бүсгүй
-Танина гэж
-Та хэн нь бэ
-Эхнэр нь
-Таны овог нэрийг...
-С-ын Д-
-Та дүүргийн моргод хүрч ирнэ үү...

Та минь ээ, бүү хэрэлдэцгээ. Хэрүүлтэй айл салдаггүй ч үхэл салгаж чадна шүү. Хэрэв хэрүүл хийгээгүй бол энэ сайхан залуу уур хилэнтэй явж байгаад машинд дайруулж үхээ ч үү, үгүй ч үү. Хойд насандаа лав олигтой төрлийг олохгүй дээ... УМ МАНИ ПАДНИ ХУМ

No comments: