Хүний амьдралын утга учир, мөн чанар юу вэ? Төгс амьдрал гэдгийг урт удаан амьдарснаар, байнгын амжилт бүтээлээр, эсвэл амьдралын зорилго итгэл үнэмшилдээ тууштай хандсанаар хэмжих үү. Энэ асуултад ямар ч байдлаар хариулсан амьдралын зорилго, итгэл үнэмшилдээ үнэнч байна гэдэг амжилт бүтээлээр хачирлаагүй байсан ч хүний эрхэм дээд чанар болой.
Ойрадын Галдан Бошгот Зуун модны орчимд болсон шийдвэрлэх тулалдаанд манжийн их цэрэгт ялагдан улмаар дахин сэхээ авч чадалгүй доройтохдоо манжийн Энх-Амгалан хааны талдаа урвуулан татах гэсэн элдэв явуулгыг няцаан оронд нь тэнгэрт халихыг эрхэмд үзсэн байдаг. Ингэснээр тэрээр баруун ба халх монголыг шууд захирч, дундад ази болон төвдийг эрхшээл нөлөөндөө барьж асан их хааны нэр сүрийг манжийн хааны албат хэмээх өчүүхэн алдраар солилгүй өөрийн амьдралын зорилго, итгэл үнэмшилд тууштай хандан, алдаа онооныхоо хариуцлагыг бүрэн хүлээсэн юм. Түүний үйл ажиллагааг хожим түүхчид сайн муу элдвээр дурьдсан ч төв азийг эрхшээсэн хүчирхэг хаан, тууштай эх оронч байсан гэдэгтэй нь хэн ч маргадагүйн дээр зөвхөн энэ алдар нэрээрээ түүхэнд онцгой байр эзэлдэг билээ.
Перс дэх монголын Ил хаадын улсыг үндэслэгч Хүлэгү хааны гарамгай жанжин найман овгийн Хэтбуха Сирийн нутагт болсон Ай Жанутын тулалдаанд өөрсдөөс нь хэд дахин давуу хүчтэй Мисирийн цэрэгтэй аймшиггүй тулалдан хүчинд автсан ч маблюкүүдийн хаан Хутлуг бекийн өмнө бардам зангаа огтхон ч гээлгүй "Хүлэгү хааны үй түмэн цэрэг удахгүй миний хойноос ирж өшөөг минь авах болно. Монголчууд хаана ч, хэзээ ч ялагдаж байгаагүй. Та нар тэнгэрийн гэсгээл хүртэнэ" хэмээн өчиж цаазлуулснаараа монголын байлдан дагуулагчдын омог бардам зан, сүр хүчийг хиртээгээгүй болой.
Хүүхэд залуусын шимтэн уншдаг Шерлок Холмс цувралын "Бөгтөртэй хүн" зохиолын баатар өөрийн өрсөлдөгчийн явуулгаар дайсандаа олзлогдон тамлуулж, үүрдийн эрэмдэг нуруутай болсон ч "найз нөхөд болон сэтгэлтэй байсан бүсгүй минь намайг урьдын хэвээр алиа хошин зантай, цэгц шулуун нуруутай, зоригтой дайчин эр явсаар амь үрэгдсэн гэж бодог" хэмээн сайн сайхан явсан үеэ хайрлахын эрхэнд бусдаас нуугдан, өшөө хорслоор жигүүрлэсэн үхлийг сонгосон тухай өгүүлдэг.
Цагаа олж үхсэнийхээ ачаар итгэл үнэмшлээ гээгээгүйгээр үл барам аймшигт бэрх, золгүй явдлуудаас ангижирсан олон нэртэй цуутай хүмүүсийн жишээ бий. Ромын эзэнт гүрний суут цэргийн жанжин Помпей нь Юлий Цезарьтай хийсэн тэмцэлдээ дийлдээд ахиад тав зургаан cap л илүү насалсан бол их байлдан дагуулагч хэд хэдэн армийн захирагч тэрбээр Египетийн хааны зарц нарт доромжлуулсан, орох оронгүй гуйлгачин болох байлаа. Үүний зэрэгцээ амь аргацаахын эрхэнд итгэл үнэмшлээ гээж, нэр төрөө сэвтээсэн гашуун жишээ цөөнгүй дурьдаж болно.
Загалмайтнуудыг удаа дараалан бут цохиж Балканы хойг болон Византийг байлдан дагуулагч гэдгээрээ алдаршсан түрэгийг Баязит султан Анкарын ойролцоо "доголон" Төмөр эмиртэй хийсэн их тулалдаанд 20 түмэн цэрэгтэйгээ оролцон бут цохигдохдоо сайн нэрээ хадгалж нэр хүндтэйгээр үхэхээс олзлогдохыг илүүд үзжээ. Үүнийхээ төлөө тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг олзонд гутамшигтайгаар өнгөрөөсөн бөгөөд "доголон" Төмер хаан аян дайн хийх бүрдээ түүнийг торлосон жуузанд байнга авч яван өөрийн нэр сүрийг гайхуулдаг байжээ.
Багдадын халиф Мустасим хүч чадал нь ид тэгширч байсан Хүлэгү хаанд хандан "Ажил амьдралынхаа гарааг дөнгөж эхэлж байгаа залуу минь Ертөнцийг дагуулах том санаагаа орхин буцдаа" хэмээн бардамнасан захиа өгсөн авч хүчин мөхөсдөхийн цагтаа амьд үлдэж байвал хамаагүй гэсэн өчүүхэн дорд бодлын улмаас улс орноо эзлэгдэн сүйрэхийг үзэн, хаан хүнд таарамгүй аль муу доромжлол гутамшгийг амсан, эцэст нь цаазлуулжээ.
Иракийн дарангуйлагч асан Саддам Хусейн мөн дээрх шалтгаанаар америкчуудын гарт орсноороо хүмүүсийн сэтгэлд хоногшсон гял цал, өөртөө итгэлтэй, бардам ихэмсэг дүр байдлаа оргүй гээж, өтөлж туйлдсан нэгний төрхийг үзүүлснээр лалын ертөнцийн гарамгай лидер, амьд домог, амерканизм сионизмын эсрэг тууштай тэмцэгч гэсэн өндөр нэр хүндээ сэвтээсэн нь дамжиггүй. Хүмүүсийн хүсэн тэмүүлдэг урт удаан амьдрал нь бүр мөнхийн үргэлжлэх байсан ч хүсэл зориг, баяр таашаалгүй бол хүнд ямар тэсвэрлэшгүй дарамт зовлон болох билээ.
Иймээс бүх юмны голыг олох чанарыг бий болгохын тулд, хүмүүсийг амьдралаас бүү гутаж залхаасай, үүний зэрэгцээ үхлээс бүү зугтаасай гэдэг үүднээс амьдралыг хагас амттай хагас гашуун хийсэн байж таарна. Гэхдээ онцгой арга замаар итгэл үнэмшил, алдар хүндээ авч гарсан жишээ ч цөөнгүй дурьдаж болно. Чингис хааны залгамжлагчдын үед Алтан улсын дорнод боомтыг хамгаалж байсан хятад жанжин монголчуудын хүчинд автаж хот эзлэгдэх нь тодорхой болсон үедээ өрнө дорнодод хийсэн олон гайхамшигт аян дайнаараа нэр алдрын туйлд хүрсэн Сүвэдэй баатарт л зөвхөн бууж өгнө гэсэн болзол тавьжээ. Хүн хүчний хохирол бага амсахын тулд монголчууд түүний хүсэлтийг хүлээн авч нэрт жанжин өөрийн биеэр морилж хүндтэйгээр буулгаж авсан байдаг. Үүнтэй адил дундад зууны өрнөдийн рыцариуд эрүүл тулалдаанд ялагдахдаа өндөр сурвалж язгууртай, эсвэл гарамгай баатар хүнд бууж өгөхийг өөрийн нэр хүндийг аварч буй хэрэг хэмээн үздэг байсан бол японы самурай нар нэр хүндээ сэвтээснээс үхэхийг илүүд үзэж энэ нь бүр тодорхой дэг жаягтай урлаг болон төлөвшжээ.
Аливаа хүний нэр хүнд, итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандана гэдэг бол баргийн хүнд заяахгүй ур дүй шаардсан нарийн ухаан ажээ. Үүнийг гарамгай эзэмшсэн хүн бусдаар тойрон хүрээлүүлэх нигууртай ажээ.
Хэрэйдийн Хадаг баатар Тэмүжиний гэнэтийн довтолгоонд өртөн хүнд байдалд орсон ч Туулын хар шугуйгаас өөрийн эзэн Ван хан Тоорил, Сэнгүм нарыг буруулан зугтах хүртэл тэсэн байлдаж, улмаар ноогдсон үүргээ хангалттай гүйцэтгэсэн хэмээн бууж өгснөөр шударга үнэнч албатыг өндөр үнэлдэг Тэмүжиний энэрлийг хүртэж, цаашдаа ч итгэлийг нь алдаагүй байна. Ер нь агуу их хүмүүсийн намтар түүхэнд Чингис хаан шиг хүний итгэл үнэмшилд хүндэтгэлтэйгээр ханддаг хүн ховор байсан нь түүний агуу их хүчин чадлын нэг ундарга байж болох талтай. Энэ талаар түүхэн баримттай олон жишээ бий.
Тухайлбал, Чингис хааныг тулааны талбарт үхлүүт шархдуулсан Зургаадай гэдэг цэргийг эр зориг гаргасны төлөө өршөөж өөртөө зүтгүүлсэн нь хожим түүний нэрийг ертөнцөд дуурсгасан суут жанждын нэг Зэв болон төлөвшсөн билээ. Мөн тэрбээр өөрийн багийн ард, мөнхийн өрсөлдөгч асан Жамухыг итгэл үнэмшлийнх нь төлөө угтаа буруутгаагүй билээ. Хүний амьдралын зорилго, итгэл үнэмшлийг сайн муу, зөв буруу гэж ангилах нь хэцүү гэхээсээ илүү шударга бус талтай. Учир нь үнэн ба шударга ёсыг хүний нийгмийн түүхэнд хүчээр түрий барьж эсвэл олонхоор давамгайлж тогтоож ирсэн нь олонтоо байх тул тодорхой ард түмэн болон хувь хүний төвшинд түүнийг өөр өөрөөр үнэлэх нь жирийн хэрэг юм.
"Хэрвээ чи зорилгогүй бол хэн ч биш. Тэр зорилго чинь олигтой биш бол агуу ихийг бүтээхгүй" гэж афоризм байдагчлан агуу их хүмүүс гүрэн улсыг цогцлоох, хүмүүсийг соён гэгээрүүлэх, хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, нийгмийн дэг журмыг боловсруулахыг эрмэлздэг бол эгэл жирийн хүмүүс өөрийн болон ойр дотно хүмүүс, үр хүүхдийнхээ сайн сайхан амьдралын төлөө тэмцэхийг зорилгоо болгох жишээтэй. Гэвч эцсийн дүндээ энэ бүхэн ялгаагүй хүний амьдралын утга учир, хөдөлгөгч хүч болж хувирдаг. Харин хүний хүсэл зориг дууссан буюу мөхсөн газар амьдрал төгсдөг бол "муу амьд явахаар сайн үх" гэсэн нь хүний итгэл үнэмшил амьдралаас ч үнэтэйг илэрхийлсэн санаа болой. Үүнийг "Хэрвээ чамд төлөөнөө нь үхэж чадах ямар нэгэн зүйл байгаа бол чи амьдралаа жирийн амьдралаас хэд дахин амттай, утга учиртай болгож байгаа хэрэг" хэмээн хөрвүүлж болох юм.
No comments:
Post a Comment