Saturday, August 25, 2007

МОНГОЛ ЭРИЙН УХААН

* Домог

Л.Ширчин

НЭГ.

Єндөр чацархаг биетэй, өвгөн Сандаг тос даасан їрчлээт нїїрнийхээ хөлсийг нударганыхаа араар шудраад хажуу дахь том хар чулууг эвэршиж мойнийсон хурууныхаа ширїїн өндгөөр дарж, тулан сэвхийн бослоо. Эр ямааны илгэн богцонд цїндийтэл юм чихэж баруун мөрөн дээгїїрээ тохжээ. Харваас өвгөнд богцтой юм хумхан, хуучирч муудсан илгэн сармай дээл, хөлс нэвтэрч халтартсан юїдэн малгай, тэмээний тавгийг нимгэн зїсч уланд нь наасан хуучин булигааран монгол гутал, сїїж манан хөөрөг, буйлаасны буурцгаар хийсэн шар эрхи, олон жилийн өмнөөс хїзїїнд нь зїїлттэй ижил дасал болсон, хөдсөн гэртэй сахиуснаас өөр өмч хөрөнгө, эд хогшил гэх юм алга.

Євгөн хад асга нь арсайж, барсайсан говийн уулсын цухалдуу сайрыг уруудан, бїдэгхэн улбаа замаар том том алхсаар Зїїн Богд уулын Цагаан бургастайн аманд гарч ирлээ. Єргөн их говь, тал өмнө нь дэлгэгдэх шиг цэлийн зэрэглээтээд, тїїнээс цааш Хан хөгшний нуруу сїїмийн цайвалзах нь намрын анхны цас аль хэдийн унасан ажгуу. Євгөн төрсөн нутгийнхаа барааг санаа алдан, саравчлан харахад усхал зөөлөн нїднээс нь нулимс аяндаа цийлэгнэн урсахад, гарынхаа алганы уушгаар зөөлөн дарж шингээгээд ганцаар авч мушилзан инээх аядан, амандаа шивнэн бувтнах нь хар багаасаа сурсан зангаараа эх болсон зургаан зїйлийн хамаг амьтны тусын тулд гэж төвдөөр шивнэн шивнэн давтаж, гартаа атгасан эрхинийхээ товрууг имрэн имрэн, хэд алхан өнчин ургасан навтгар тооройн сїїдэрт ирж амран суулаа.

Уулын бяцхан горхи хоржигнон урсах нь зїїхэн талд сонсогдоно. Євгөн өврөө уудлан модон тагшаа гаргаж їлээснээ босч, горхины хажууд сөхөрч суугаад усанд хуруугаа дїрж, духандаа тїрхээд богцоо уудлан хонины утсан илгээр хийсэн ташмагаа гарган тагшаараа уснаас хутган тїїнийг дїїргэн, эргїїлж богцондоо хийх гэснээ болин, устай ташмагаа эргїїлж тойруулж харлаа:

- Ай хөөрхий, Лхас хотоос їїнийг л авч гараа шив дээ гэж шивнээд богцон дахь өмбїї цөмбїї зїйлээ бодон бослоо.

- Аа тийм, олон сар хоногоор мөрнөөсөө салгаагїй богцны ар нуруу уруу унжих гуянд усан їзэм, Төвдийн зэрлэг сонгино, їзэм, хїрэн зандан, цагаан зандан, хар улаан чавганы їрнїїдийг жаахан уутанд хийж дїїргэсэн нь нїдний нь өмнїїр жирэлзэн өнгөрөв. Нөгөө гуянд нь цай, давс, бяцхан хїрэл тогоо халивтайгаа, нїдсэн жаахан борц, їхрийн хатаасан цус, хөлдїї сїїг урь идїїлж бэлтгэсэн нунтаг хуурай сїї, ургамал амьтны гаралтай бїтээгдэхїїнээр эм бэлтгэх жорын ном мөн Хаш хайрцаг, Урлахуйн ухааны чуулган, Есөн хїслийг хангагч толь, Говийн зарим чулуун эм, Эрдэс шороон эмийн судар хэмээх номууд бас бий. Сандаг өвгөн арвандолоотойдоо аянчин жинчдийг дагаж, өмнө зїгийг чиглэн нутгаасаа намар өдийд гарснаа хааяа нэхэн санана. Тэр цагаас хойш дөчин жил өнгөрчээ.

Єдөр шөнө ээлжлэн їхэх, төрөх хосолсон хорвоогийн жам ёсоор унтаж, босч, уйлж, инээж амьдарсаар өдийг хїрэхдээ төрсөн нутгийнхаа барааг харнаа гэж бодоогїй явсан өвгөн гавжтан нїдээ арчаад хангайнхаа нурууг дахин харахад эцэг, эхийн дїр тодрон, баяр учралын нулимс хацрыг нь даган урсана. Энэ сацуу гавжтан богцоо мөрнөөсөө мултлан уудалж, алд цагаан хадгийг гарган, хоёр гардан дэлгээд Хан хөгшний нуруу, Хайрхан дулаан уулаа харж сөхрөөд,

... Хан хөгшин аав минь

Хайрхан дулаан ээж минь

Ачит та хоёр минь

Амар амгалан байна уу?

Яван явсаар, алхан алхсаар

Хайртай та хоёртоо

Харийн орноос би чинь

Хїрээд ирлээ хїї чинь гэж хэлээд гурвантаа залбиран, гурвантаа мөргөлөө.

Євгөнд ингэх л дутуу байсан бололтой дотор нь онгойж, сэтгэл нь тэнийн дөчин жил биеэ барьж, айж явсан нь оргїй арилан санаа амарлаа. Сандаг гуай бяцхан гуван чулуугаар тулга засмагц, тогоондоо ус тавиад аргал хомоол хормойлж авчран, бадарсан улаан галаа асаан цайгаа чанаж суулаа. Тогооны халиван дахь зїїний сївэгчин чинээ нїхээр уур цоргилон олгойдоход угалзын хуухнагаар хийсэн илгэн уутнаас шар тосонд багсарч, їрэл їрлээр бэлтгэсэн цайнаас хонины хорголон чинээг авч, мөн нөгөө нэг уутнаас ёотон шиг дөрвөлжин цагаан шаргал шахмалын хамт тогоонд даргилах ус руу хиймэгц шар тос ханхалсан сїїтэй цай хамар сэтлэм їнэртэв. Ийнхїї алс хол харийн газраас нутаг усаа зорихдоо бэлтгэсэн цай, хуурай сїїний їрэлнээс тав таван ширхэг їлдснийг бодоход Онгийн хїрээ хїртэл төдийчинээ цай чанаж уух нь тодорхой. Євгөн бяцхан гуулин халбагаар цайнаасаа дээжлэн хутгаад Ноён хутагт Данзанравжаагийн нутаг орноо магтсан нэгэн шад шїлгээс ягнан уншиж, газар дэлхийдээ өргөснөө модон тагшиндаа цайнаас дїїргэн, завилан суухад төрж өссөн гэртээ эхийнхээ өвөр дээр эрхлэнхэн, эцгийнхээ хажууд наалданхан суугаа ч юм шиг сэтгэл нэг л өег, тэнэгэр ажээ. Тэрээр хоёр зээрдээрээ туулсан холын аяныхаа алжаалыг тайлан, тїмнийг бодон цэлмэг хөх тэнгэрээ ширтэн хэсэгхэн хажуулснаа босч аянаа їргэлжлїїллээ. Бїрдний говийг туулаад Аргуйн голыг хїрэхэд хоёр өдөржингийн газар даа. Би чинь арвангуравтайдаа аавыг дагаж, Балдан засгийн цоохор Дамчаа гэдэг айлаас авлагаа нэхэж очоод буцахдаа арван тэмээ тэднийхээс тууж, энэ говийг туулж билээ. Газар нутгаа гэж яг л хэвээрээ таньдаг хїний нїїр адил байна даа хөөрхий гэж нутгаа бишрэн, эрхи ороосон дөрвөн хуруугаа тэнийлгэн залбирна.

Төвд, Жагарын орноор тэнэж, юм їзэж нїд тайлж, бас ном сударт боловсрон, олон хэлийн хїнтэй нїїр учирч явахдаа зовох зїдрэх нь их байсан ч жаргах цаг їе їе тохиолддог байсныг Сандаг гуай юунд їгїйсгэх вэ. Тэгэхдээ л сэтгэлд нь ямар нэгэн юм їгїйлэгдэж, зайгаа эзэлсээр өдий хїрсэн нь эх орон, төрсөн нутаг байлаа. Аав, ээж хоёр минь ч аль хэдийн таалал болсон байх даа. Дїї минь амьд байгаа болов уу? Надаас хоёрхон дїї шїї дээ. Аав намайг төрийн хар хїн болгоно гэдэгсэн. Харин дїїг лам хувраг болгохоор есөн настайгаас нь хїрээн дээр авга ах Дамдиндорж гуайд шавь оруулж билээ гэж бодон өвгөн алсыг харан алхахад хэсэг бусаг харгана, буйлаас холилдон ургасан чулуурхаг сайрыг гатлан есөн тахь їргэн тоос татуулан давхихыг їзэж, сэтгэл баясан сїсэглэнэ. Уулын толгодын сїїдэр эрвийн сэрвийн уртсаад намрын шар наран Зїїн богд уулын баруун мөрөөр шижир туяагаа цацруулсаар мэлтрэн мэлтрэн далд орохуйд тэг дугуй том улаан сар урдах толгойн оройгоор манхайн шагайж, шингэх нарны алтан туяаг өөртөө тольдонхон шингээх адил мандлаа.

Єнөөдөр намрын адаг сарын шинийн арван таван, сугар гариг. Би чинь Лхасдашлхїмбээс хаврын тэргїїн сарын шинийн гурванд гарсан юмдаг. Хөх хот хїртэл илжгээр, тїїнээс нааш явганаар бадарчин маягтай явж ирлээ. Ай хөөрхий хїний амьдарлаа гэж бодоод, шөнийн сэрїїнд саран саруул тул газар жаахан дөхөхөөр хайрга чулуун хөрсөн дээр шижигнїїлэн алхана. Євгөн сїїдэртэйгээ ханьсан, сарны гэрэлд чиг барьж алхсаар зургаан мичид гудайх їеэр Говийн бїрдэнд ирлээ. Бїрдний ус сарны туяанд хайлсан тугалга шиг мэлтрэн, усны їнэр сэнгэнэн сэрїї татуулна. Айлуудын намаржаа эзгїйрч дэрсэн толгой шөнийн зөөлөн салхинд бөхөлзөнө.

ХОЁР.

Аргуй, Хужирт, Муруй гэгдэх нутгийн гурван голыг өгссөөр Хан хөгшний нурууны баруун суган дахь Бичигт хадны ёроолд тїр саатан, цайгаа уугаад хоолоо хийж суугаа хїн бол өвгөн Сандаг болно.

Маргааш їїрийн гэгээнээр хөдөлж, зам дагуу айлаас дїїгээ сураглая, ямархуу янзын айл амьдарч явдаг болдоо. Монгол нутаг руугаа хөл тавьснаар ганц ч айлын їїд сөхсөнгїй гэж бодон шөнийн тэнгэрт анивчин гялалзах оддыг ажиглан багадаа хөгнөөтэй хурган дунд унтчихдаг байснаа дурсан санаж хэвтснээ нам нойрсчээ.

Адууч богширго исгэчин, эвэрт бялзуухай шулганалдан, Бичигт хадныхаа їїрэнд хоносон хоёр турлиах хадны ёроолд тайван нойрсох зочиндоо чимээ өгөх мэт хэд хэд дуугарснаа нисцгээн, хэн нэгэн айл зусландаа шаваастай нь орхисон їхрийн аргалан дээр очиж буулаа. Сандаг гуай зїїд нойрноосоо сэрээд хувцаслан, богцтой юмаа мөрөндөө тохон, уулын овоот хөтлийг чиглэн зїтгэв.

Сарлагийн сэрвээ шиг дїнхийх Сайхан дэнжийн нурууны дээгїїр алтан наран шижиртэн тусахад аяншиж харшсан тас хар царайтай өвгөн Муруйн даваан дээр гарч, Мааньт, Тарималын голын хөндий дэх айлуудыг харан тїр зогссоноо Уянгын өвөрт гэж л сурагладаг байх даа гэж өөрийн эрхгїй амандаа шивнэн, тэртээ харагдах хоёр бор гэрийг чиглэн шууд алхав. Энэ хэнийхний їр сад бол. Вандангийн Доржийнх хаана байна вэ? гэж л суръя гэж бодон явна.

Хоёр гэрийн гадуур шаваастай аргал бараантан хэдэн сарлаг, хонь голдуу цөөн бог хэвтэх агаад баруун судагт шөнөжингөө идэж цадсан аргамжаатай хоёр морь їїрэглэн зогсоно. Сандаг өвгөнийг тэр нэгэн хот айлд дөхөж явтал зїїн урд талын жижиг бор гэрээс хуучин улаан чисчїї дээл нөмөрсөн, бөгтийж бөөцийсөн нэгэн чавганц гарч ирэн, хэдэн аргал хормойлсоор эргэн ороход төдөлгїй гэрийн тооноор аргалын утаа олгойдоно. Євгөн гэрт ойртоод хий ханиалган, хоолой засч чимээ өгөхөд сїїлнийхээ ноос руу хоншоороо шигтгэн, цагираглан гэрийн хаяанд хэвтсэн хөгшин халтар нохой нїдээ залхуутайгаар нээж, анивчин харснаа хэвтээ хэвээрээ бїдэгхэн дуугаар хөв, хөв хуцахчаа аядахад мөнөөх эмээ эсгий ширмэл їїдийг арай ядан сөхөн гарч өвгөнийг хараад:

- Энэ хар өглөөгїїр ямар амьтан явдаг билээ дээ байз гэж їглэн майжигнасаар хөгшин халтрын өмнө очоод:

- За чи тэг, хїнд давхи чи гэж зандран хорьсноор өвгөн богцтой юмаа мөрнөөсөө мултлан гэр дээр тавиад:

- Сайн байна уу? гэж эмгэнтэй мэндлэн гэрт орлоо. Єглөөний цай буцалж байхад ирдэг азтай буянтай хїн юм. Бас дїїрэн юмтай богцоо муу гэр дээр минь тавиад гэж эмгэн ихэд бэлэгшээн гэртээ оров.

- Сайхан намаржиж байна уу?

- Таны лагшин тань сайн уу? Сїрэг мэнд байна уу? гэж мэндлээд өвгөнийг хөөргөө гаргаж тамхилахад эмгэн хариу мэдэх завсар ирсэн хїний царай өөд ажиглан манай эндхийн хїн биш шиг байна даа гэж бодсоноо нэг л їзсэн хїн шиг хэн билээ гэж гайхлаа.

Сарлагийн сїїгээр өтгөн сїлж, шар тос орхисон цайнаас аягалж барихдаа ч эмгэн дахин ажсанаа нэр өгч арай л чадсангїй.

- Хаанаас хаа хїрч яваа билээ. Хошуу нутаг хаана вэ? гэж асуув.

- Би уул нь Сайн ноён хан аймгийн Хан хөгшин уулын хошууны хїн гэж хариулаад өвгөн цайнаас чимээгїй оочлох завсар эмгэний баруун хацар дээрх мэнгийг олж хараад:

- За хө хэнсэн билээ. Аа тийм Санж гуайн Янжин ахайтан мөн шив дээ гэж бодон дотор хїнтэйгээ ярьж аягатай цайгаа оочлох зуур:

- Та Янжин ахайтан мөн її? гэж шууд асуутал, эмгэн хэсэгхэн бодол болсноо танив бололтой.

- Тиймээ тийм, мөн. Чи чинь Вандангийн том баньд уу даа. Сандаг мөн її? Бурхан болдгийн дуутай адилхан юм аа тэр гэв. Сандаг өвгөн ухасхийн босч, Янжин ахайтантай золгоод суун хөөргөө гарган, тамхиа татаж суухдаа аав минь өөд болжээ дээ. Ээж маань яасан бол ааваас нэг эгч гэдэг байсан. Одоо наяннайм хїрч байх ёстой. Дїї маань ч зуурдын юм тохиолдоогїй бол байгаа л байх . . . бодлыг таслан, Янжин эмээ тогоо, жалавчаа хөллөх зуураа:

- Иш хөөрхий буянаа дэлгэр. Тэгээд хэзээ ирэв дээ. Аль газраар юу хийж яваад энэ билээ. Овоо л доо хїрээд ирдэг чинь. Дїїгийнх чинь манайтай айл байгаа. Энэ гэр. Манай хїргэн болсон шїї дээ. Манай илээд бїсгїйг чи танина даа айл саахалт өссөн улс. Зарим хїїхдїїд нь айл орон болж тусдаа гарцгаасан. . . Яагаав Дуламхорлоотой сууж долоон хїї, хоёр охинтой гэж яриад тїр азнаснаа цааш яриагаа їргэлжлїїлэн:

- Хїргэнийг маань эсэргїї нарт унаа залгуулсан гээд хоёр жилийн өмнө дотоодыг хамгаалахынхан барьж аваад явчихсан. Заяын хїрээнээс оргож зугтсан нэг ламд л муу хөгшин хээр морио өгч явуулсан юм гэнэлээ. Ээж чинь чамайг явдгийн хойтон жил өөд болсон. Харин муу аав чинь бурхан болоод ес хонож байна. Надаас долоохон ах хїн дээ, морьтой юм шїї дээ гэж яриад алтан хїрээтэй гуутай Намсрай бурханы өмнө бадмаалан байгаа мөнгөн цөгцтэй зул руугаа харлаа.

Ил галын дэргэд утааны їнэр ханхлах нь эсгий гэрт төрж өссөн Сандаг өвгөнд нэн тааламжтай, шимийн архины ариухан їнэр ханхлан арцны хожуулаар хийсэн цоргоор жирэлзэн урсахад Янжин эмээ луун хээтэй мөнгөн аяганд тосч амсаад Сандаг гуайд хоёр гардан барьлаа.

- Хїї минь холоос яваа хїн ядраа байлгїй. Эмээ нь гудас дэвсээд өгье. Амар амар гэж хэлнэ.

ГУРАВ.

Шивээ овооны урд Тарималын голын хөвөөнд хоёр жижигхэн дїнзэн байшин барьж сумын захиргаа, ардын сургуулийг оруулжээ. Онгийн хїрээний сїм дуганууд оргїй устгагдаж, овоолоостой шороо харагдахад энэ сургууль, захиргааг тэр сайхан бэлэн байранд оруулахгїй яасан юм бол доо гэж Сандаг гуай Шивээ овоон дээр гарч орчныг ажиглахдаа бодлоо.

Баюуны хонхороос хөх тоосго їїрч Цогчин дуганыг барихад бидний їеийн зуун хїїхэд завсар чөлөөгїй өдөр шөнийн хоёрт зөөж билээ.

Баюуны цоохор данжаад гуай ер нь яасан сїрхий хїн байгаа вэ? Хөх тоосго. . . Одоо ч энэ тэнд хэвээрээ хэвтэж байх юм. Тэр олон бурхан шїтээн, бїрээ бишгїїр, цамын өмсгөлїїд, ном судруудыг хэн авч явсан бол доо. Дуган сїмийн байшин барилгыг ингэж нурааж эвдэж, сїйтгэснийг бодоход хайран юмсыг бас алга хийж шатааж устгасан, їрэн таран хийснээс гарцаагїй. Шїрийн хонхор гэж энэ хїрээний бїх шїр, сувд, оюу, номинг цуглуулж шатаасан газар байгааг бодоход . . . Хайран юм. Хайран юм. Бидний зиндааныхнаас Дамдин, Пїрэв, Ядам, Лодойсамбуу нар л байх шив дээ. Ихэнх нөхдийг маань барьж аваад явсан л гэнэм. Сїїлдээ асуухаа болилоо. Баригдаа биз гэж бодогдоно.

Онгийн хїрээний ном судрыг овоолж шатаасан гэгдэх тїлэгдэж, харлан өгөршсөн їнсэн хөх өнгөөр сааралтах хэсэг газрыг харан харамсаж халаглан, сэтгэл дотроо уйлж Шивээ овооноос гэр лїїгээ сажлан яваа энэ хїн өвгөн Сандаг байлаа.

Тэрвээр өнгөрсөн, эдїгээгээ эргэцїїлэн бодсоор хашааныхаа хаалганд тулаад тїгжээг мултлан өтгөн ургаж, гандаж шарласан өвсний дундуур зурайх явган хїний нарийн жимийг даган алхсаар гэртээ орж, өврөө уудлан Шивээ овоон дээрээс авсан Ногоон дарь эх бурхныг тахилын хэдэн гуулин цөгцтэй гаргаж, утаа тортогонд харласан жижиг бор авдран дээрээ тавиад, хайран ч юм, зїїн гарыг нь хуга цохьсноос биш галбир нь бїтэн їлджээ гэж авчирсан бурхнаа ажиглан гарыг нь гїйцээж, шїншиглэн аравнайлаад шїтэх бодол төрнө.

Хашааны хаалган дахь хонх жингэнэн дуугарч, ач хїї Дамдин ямаан тулман намагтай айраг тэвэрсээр орж ирлээ.

Дїїгийн минь хэдэн хїїхэд л тус болж байна даа. Төрсөн биенээс өөр юмгїй надад гэр барьж өгөн, хашаатай болголоо. Ноднингийн өдийд Янжин ахайнд орсноос эхлэн би нутгийн ах дїїсийн буянд жаргалтай сайхан амьдарч байна. Миний хийж бїтээсэн юм гэж юу байх вэ дээ, буян бодож ерэн есөн морь сийлж амьтан ах дїїст өглөө.

Бас гуйгаад болохгїй болохоор нь арав гаруй айлын хөгшид, өвгөдөд ногоон дарь эхийг хуулбарлан өгч шїтїїллээ гэж айраг аягалах зуураа бодно.

- Дамдин! Хїї минь морь авчирсан уу? гэж өвгөнийг асуухад:

- Авчирсаан. Та эмээл, хазаартай номхон морь хэлїїлсэн байсан. Манжаа хаа хїрэх нь вэ? гэж хариулж асуулаа. Євгөн Лхасаас авч гарсан ямааны илгэн богцоо хяламхийн хараад:

- Хоёулаа явнаа. Их холдохгїй, Зїїн улаан өөд гараад ирье. Эртхэн шиг хөдөлье. Тэр богцтой юм аваад моринд тохоорой гээд өвгөн хувцсаа сольж өмслөө. Дамдин богцтой юмыг авч өөрийнхөө унаж ирсэн хїрэн мориндоо тохоод, бїдїїн хээрийн чөдрийг авч ганзаганд нь бөхлөн, өвгөнийг сугадаж мордуулав. Тэр хоёр энэ тэрхнийг ярилцан явсаар Бөөрөлжїїтийг өгсөн Хїрэн хамрын өвөлжөөг дайрч, Зїїн улааны хадтай, хавцалтай уулын энгэрт ирж бууцгаан морьдоо хантайрч бөхөллөө. Євгөн Дамдин руу харж:

- За хїїхээ, богцоо аваарай гэж хэлээд ташуураа тулан хадат өндрийн орой өөд зїтгэлээ. Дамдин, өвгөн ах ер нь юу хийх гээд яваа юм болдоо гэж гайхан богцтой юмыг авч, мөрөн дээрээ тохоод араас нь дагана. Сандаг гуай уулын оройд гарч алсын хөтөл, хад асга, уул нурууг хїртэл ажиглан, энэ тийм газар юм. Тэр орчны хад чулуу, байгалийн тогтолцоо, өвс ургамлыг ажиглан хөтлөөр их салхи цохино, энэ хадны завсраар шуурга хїчтэй урсаж ирнэ гэж Дамдинд баахан яриад:

- За энэ хавьд чинь. Тэр улаан хадтай уулын энгэрт л болно доо гэж хэлээд бослоо. Манжаа маань юу болох нь энэ вэ? Эрїїл л байдаг байгаа даа гэж айх гайхах зэрэгцэн Дамдин хойноос нь дагалаа. Євгөн тавхалзтал алхсаар нөгөө газраа ирээд завилан сууж, богцоо уудлан арцны том зэсэн хутгуур, илгэн ууттай юм гаргаж нямбайлан тавив. Богцоо дахин уудлан модон тэвш, илгэн ташмаг гарган, тэвшиндээ ташмагнаасаа ус хийж тавиад нөгөө илгэн уутнаас шар будаа шиг жижиг хар їрийг эмийн тунгийн хутгуураар хэдэн удаа хутган тэвштэй ус руу хийж хадны ёроолд нарлуулж тавьлаа. Тэгснээ босон арцны зэсэн хутгуураар газар хатган нїх гаргаад дахин зэрэгцїїлэн мөн тийм нїх гаргана. Хажуудаа салахгїй ажиглан дагах ач хїїдээ хандан:

- Дамдиан! Энэ хар їр бол Төвдийн Тэнгэр уулнаас тїїж ирсэн зэрлэг сонгины їр. Манай энэ хавьд сонгино ургадаггїй байх аа. Энд Төвдийн сонгино ургах нөхцөл бїрдсэн газар байна. Чи бид хоёрын сонгосон энэ газар өвөл хаврын цас хунгарлах, салхины цохилборгїй, наран ээвэр, хөрс шимээр сайн, мал ихээр явахгїй газар. Энэ зэсэн хутгуурын хэмжээтэй, нэг хуруу, хоёр хуруу, гурван хуруу, дөрвөн хуруу дарам газруудад нь хэрчлээс гаргаж тэмдэглэснээс їзїїлээд сонгинынхоо їрийг энэ дөрвөн янзын хэмжээгээр хөрсөнд суулгаж, хойтон жилийн соёололт, ургалтын байдлаар аль сайн тохирох суулгацын гїнийг сонгох юм гэж яриад ойлгов уу гэсэн шиг Дамдинг харлаа. Хооронд нь хоёр төө хирийн зайтай хутгуураар хурууны хэмжээнд хїртэл хатгаж нїхлээд бай гэж хэлээд өвгөн Дамдинд зэсэн хутгуураа өгөв. Тэгээд гурав, дөрвөн хуруу дарам гїнтэй хэсгїїдээр нь хатгуулан тавь, тавин нийт хоёр зуун нїх гаргуулан, нїх бїрт гурав, гурван їр хийж, дээрээс нь жаахан ус дусаагаад хөрсөөр нь эргїїлж булна.

- Энэ ус учиртай. Төвдийн өндөрлөгийн голоос ширгээж, хандлан өнгөртїїлээд, тэр өнгөрийг нь хадгалж авчирсан, тїїнийгээ эндэхийн голын усаар дэвтээж бэлтгэсэн юм гэж өвгөн нэмж ярьлаа. Тїїнээс ч нууц юм бас л байгаа бололтой.

ДЄРЄВ.

Намрын өглөө гялтганан гялалзах анхны хяруу, мандах наран гоо хоёроо зэрэг угтаж явлаа. Ондилтийн даваагаар гурван морьтон нарны туяан доогуур шурган, сїїдрїїд нь уртсан уртассаар сїїхийлцэн далд орон ортол Янжин ахай зэсэн савхантай бїлээн сїїнээс есөн тахилийн хонхор, арван хоёр жилийг урнаар сийлбэрлэсэн, арцны хожуулан цацлаар өргөн өргөсөөр зогсоход Сандаг өвгөний бэр мөн л сїїгээ өргөсөөр гэрийнхээ гадаа їлджээ.

Сандаг гуай зэрэгцэн, дөрөө харшуулан явах дотоодыг хамгаалахын төлөөний хїнээс:

- Хїїхдїїд ээ! Энэ даваан дээр буулгаад хөдлөхгїй юу? Овоонд чулуу нэмье. Төрж өссөн нутгийнхаа барааг хармаар байна гэж гуйлаа. Ташаандаа гар буу зїїж, эмээл дээрээ хөндлөн суусан тэр нэгэн хїн өвгөн рїї хараад:

- Бид замдаа саатах ёсгїй. Та эсэргїїн, улс төрийн хэрэгтэн хїн шїї дээ гээд зөвшөөрсөнгїй. Сандаг өвгөн:

- Уйлж дуулж, төрж өссөн

Унаган сайхан нутаг минь

Эх болсон Онги минь

Эцэг болсон хангай минь гэж шивнэн уншаад эмээлт морин дээрээсээ эргэж нутаг ус, нугынхаа айлууд, адуу малыг хараад сэтгэл шулуудлаа.

ТАВ.

Їїр цїїрээр мордсон Дамдин Уянгын хяраас унагатай адуугаа туусаар зэлэн дээрээ ирж, дөрвөн унагаа чагтлаад гэртээ оров. Ээж нь эмээтэй нь ямар нэгэн юм ярьж уйлж сууцгаав. Эмээ нь нулимсаа арчин зээ хїї рїїгээ хараад:

-Хїї минь яасан барагддаггїй їйл лайтай улс вэ? Манжаа өвгөнийг бас л бариад явчихлаа. Сая манайд дайрч буугаад аяга цай ч уулгасангїй. Мориндоо мордох зуур нь ганц хоёр їг солилоо. Дамдинд хэлээрэй . Хашааны зїїн урд буланд хавтгай чулуу хэдэн хөх тоосго бий. Тїїний дор ном судар бурхан тахилын хэрэгсэл, ургамлын їрнїїд, тайлбар бичиг булсан шїї. Тїїнийг өвөлж авахыг бодоорой, авгад нь хийсэн хэрэг байхгїй гэж хэлээрэй. Би удахгїй буцаж ирэх байхаа сайн сууцгааж байгаарай гээд л яваад өглөө. Аав чинь мөн л тэгээд явсан, одоо гурван жилийн нїїр їзлээ. Сураг чимээ алга л байна шїї дээ. Хїї минь гэж хэлээд бослоо. Аягатай цай оочлон, чагнаж суусан Дамдин:

- Ааваасаа ч, авга ахаасаа ч їг дуулж хоцрох хувь надад байсангїй гэж бодоод эсгий їїдний баруун талыг сөхөн, ташуураа шидээд гарлаа. Дамдин явуут дундаа ташуураа шїїрч аван, хэдэн хоногийн өмнө наадамд уралдуулахаар хагсрааж тавиад сая барьж уясан хээр морио эмээллэж, унаад Ондилтийн давааг чиглэн ухасхийв. Морины хар гїйхээр давхиулсаар хэд хэдэн гївээ толгод, хөтлийг давбал гурван морьтны бараа харагдлаа. Дамдин уртын дуу аялсаар шууд гїйцэн очоод тэдэнтэй ханьсан, зам нийлэн гэлдрїїлэв. Євгөн Дамдингаас:

- Хаа хїрэх вэ? Нутаг хаана вэ? гэж огт танихгїй хїн болон асуугаад, авч яваа төлөөлөгч, улаа нэхсэн хар хїн хоёрыг нїдний булангаар ажиглав.

- Дэлгэрэх оръё. Хэдэн адуугаа алдчихсан. Арвайн тал руу сураг гарлаа. Та нар хаа хїрэх вэ? гэж Дамдин хэлээд жолоогоо дугтрахад хээр морь ялаархаж, толгой хаялан дөмөлзтөл алхална.

- За, залуу сайхан дуулдаг хїн байна. "Жаахан шарга"-ыг нэг аваатхаач гэж улаа нэхэгч гэж хэлээд эмээл дээрээ хөндлөн сууж, гаанс тамхиа гаргав.

- За болъё доо. Хоолой саргичихна. Энїїхэн Єгөөмөрт баян Батынх найр хийж байгаа. Тэнд очиж дуулсан нь дээр байхаа гэж Дамдин хээвнэг хариулна. Зам хол яарч яваа хїмїїст бїї саад болоорой гэж авч яваа хїн эвгїй харж ташаан дахь буугаа дарж їзнэ. Сандаг өвгөн сая ам нээж:

- Газар холын улс гангар гунгар гэж явцгаая. Газар дөхөхөд амар шїї дээ гэж хэлээд Дамдинг харахад "Эмээ чинь юм хэлсэн биз дээ" гэх шиг боллоо. Тэгээд өвгөн ийнхїї ярив.

... Дээр їед Їйзэн гїний хошууны одоогийн Мазарын голын хөвөөнд Базархааны Мазар хот гэж байжээ. Тэнд жимс тарьж, төгөл ургуулж, намар болоход хушга, усан їзэм хурааж авдаг байжээ. Хушга їзэмний мод ургасаар шугуй болж, адуу їхэр дунд нь явахад їзэгддэггїй байсан гэдэг. Одоо ч тэнд хушганы иш, їзэмний иш гэж нэрлэгдэх өгөрч хувхайрсан бут байдаг юм даа. Услах горим, арчилж тордох, хамгаалахыг мартсанаас тэр дээ, хөөрхий гэж хэлээд дөрөөн дээрээ өндийн мориндоо ташуур өгч хатируулахад хамт яваа гурав ч давхиулцгаав.

- Сонин л юм байна даа. Яаж тарьж ургуулж, жимс авдаг байсан юм бол гэж Дамдин сонирхсон аятай асуув.

- Тэр тухай ном байдаг юм гэнэ билээ. Та нар залуу улс, номыг нь олж їзээд усан їзэм, хушга ургуулаарай. Єөр надад ярих юм алга даа гэснээр авга, ач хоёрын нууц яриа дуусав бололтой.

- Ах нар аа, аян замдаа сайн яваарай. Хїссэн есөн хїсэл тань сэтгэлчлэн бїтэх болтугай гэж Дамдин билэгдэн ерөөгөөд, эрлийн хїн эрэлдээ, замын хїн замаа хөөе дөө гээд мориныхоо амыг эргїїлж, Авзага хайрханыг чиглэн тоосруулан давхиуллаа. Дамдин тэднээс нэлээд холдоод жолоогоо татаж галгиулан, тїмнийг бодон явснаа эргэж харвал нөгөө гурав маань Дэлгэрэхийн хөтлөөр даваад бараагїй алга болжээ. Дамдин эргэж, ирсэн замаараа галгиулсаар шөнө орой ах өвгөнийхөө захисан ёсоор хашаанд нь ирж буулаа.

Євгөний бор гэрийг битїїмжлэн цоожилжээ. Хашааны зїїн өнцөг дэх хэдэн судар, нөгөө богцтой юмыг нь авч ганзагалан гэрийн зїг дэргїїлэв.

Намрын шөнө нам гїм, хотон дахь хоньд яраглан, гиваантай їхэр амьсгаадан, алсад їнэг хуцах нь сонсогдоно. Хойморын бор авдран дээрх гїнгэрваатай Намсрай бурхны өмнөх зулын гэрэлд дөхөн завилан суугаад Дамдин өвгөний їлдээсэн богцыг нэгд нэгэнгїй уудлан їзнэ. Богцны баруунд нь ургамлын їрнїїд, аяны тогоо, аяга халбага, цай давс хїртэл байх ажээ. Зїїн талд нь олон янзын баринтагтэй том, жижиг судрууд, бурхны тахил, нарс модоор сийлсэн морь байна. Сийлбэр морины зогсоолын хэсэгт монгол їсгээр "Зуун нэгдэх морь. Євгөн Вандангийн Сандаг" гэжээ.

Дамдин энэ бїхнийг сонирхон цааш уудалтал жижиг модон хайрцаг гарч ирэв. Хайрцган дотроос муутуу цаасан дээр хар бэхээр хичээнгїйлэн бичсэн захиас байлаа. Тэр бичгэнд "Миний ач Дамдин Танаа, хїсэмжлэх нь. Авгийнхаа санаж явсан зїйлийг гїйцэлдїїлээрэй. Їїний тулд миний бие Жагар, Төвдийн орноор олон жил хэрэн тэнэхдээ сурснаасаа їзсэн нь их бөлгөө. Тарьсан сонгиноо хамгаал. Мазар, Богдын голд хушга, усан їзэм тарьж ургуул. Зїїн Богдын өвөрт хїрэн зандан, ард нь цагаан зандан тарьснийг олж їз" гэхчлэн бичиж їлдээсэн нь одоо ч надад хадгалаатай байдаг юм.

Онгийн голын эх, Бөөрөлжїїтийн голын баруунтай дїнхийх Зїїн Улаан ууланд тарьсан їр ургасаар Сонгинот хэмээн нэрлэгдэх арвин их сонгинотой газар эдїгээ дархлагдсаар байгаа нь сонин шїї.

Монгол эрийн холч ухаан гэдэг ийм болно.

No comments: