Saturday, August 25, 2007

Монгол гүрний хаан

1162-1227
Чингис Хаан
Монголын Yндэсний тулгар төрийг үндэслэгч, Тэмүүжин Чингис хаан 1162 оны хар морин жил одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүн-Болдог хэмээх газар Есүхэй баатар, өүлэн хатан нарын ууган хөвгүүн болон мэндэлсэн. Чингис хаан Монголын тархай бутархай ханлиг аймгуудыг нэгтгэн Монголын нэгдсэн төр, Их Монгол Улсыг байгуулсан юм. 1206 оны улаан барс жил хаан ширээнд сууж 1227 оны улаагчин гахай жил таалал төгссөн. Их Монгол Улсын анхны нийслэл нь Хэрлэн мөрний Хөдөө Арал дахь одоогийн Аварга Тосон байв. 1206 оны улаан барс жил. Их хуралдайгаар Монголын тархай бутархай ханлиг аймгуудыг нэгтгэсэн. Тэмүүжинг Чингэс хаан цолоор өргөмжлөн Их Монгол улсын хаан ширээнд өргөмжлөгджээ. Чингэс хаан Монголын ханлиг аймгуудыг цэргийн зохион байгуулалтанд оруулсан. Тэрээр ард иргэдээ гэр тэрэг, тэдний хоол хүнс болох мал сүргийн хамтаар аравт, зуут, мянгатын цэргийн зохион байгуулалтанд оруулсан.
Тэрээр ард иргэддээ хүчтэй төр, их засаг хууль, эдийн засгийн таатай нөхцлийг бий болгох, боловсрол мэдлэгийн дээшлүүлэх бодлогуудыг баримталсан. Мөн Чингэс хаан либерал өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг шийдэмгий баримталсан. 1228 оны шарагчин үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их хуралдай хийлгэн Чингэсийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. Өгөөдэй хаан болон Чингэс хааны үр удам Эзэнт гүрнээ Хар тэнгисээс Солонгосын хойг, Оросын вант улсын тэн хагасаас Болгарын вант улс хүртэлх, төв болон зүүн өмнөд Азийг бүхэлд нь хамарсан өргөн уудам нутаг дэвсгэртэй болгосон. Мөнх хааны дүү Хубилай 1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суув. Хубилай хаан Монгол гүрний улс төрийн төвийг өмнө зүг Бээжинд шилжүүлж, Монгол, Хятад, Төвд зэрэг олон улс орныг захирсан Юань гүрнийг байгуулжээ. Юань гүрний төр зуугаад жил тогтсон.
1336-1405
Доголон Төмөр
Туркжсэн Монголын барлас омгийн ноёны хүү болох Төмөр Бухар хотоос баруун өмнөд зүгт орших Кеш хотод бяцхан омгийн захирагчийн гэрт төржээ. Багадаа зүүн хөлөө гэмтээж доголон болсноос Доголон Төмөр гэж түүхэнд мөнхөрчээ.
1357-1419
Богд зонхов
Ухамсарт амьдралынхаа жар орчим жилийг буддын шашинд зориулсан энэ их хүн 1419 онд насан хутаг болжээ. Нэгэн өглөө хуврагийн хувцсаа бүрэн өмсөж, очирт завилгаагаар суун, гүн бясалгалд орсоор 25 хоноход түүний биеэс ер бусын хурц гэрэл цацран, арван зургаан настай мэт харагдсан гэдэг. Энэ өдөр билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 байсан бөгөөд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж жил бүр Зулын хорин тавныг тэмдэглэдэг уламжлал тогтсон юм.
Их эзэн хийгээд Чингисийн угсааны 36 хаад
Эзэн богд Чингис хааныг оруулаад нийт 37 хаан Монгол гүрний төрийг барьснаас зарим нь маш богино хугацаанд “хаан ор” залгаж, нилээд нь бусдын гарт амиа алдаж байжээ. Тэдний зарим нь төрд гай тарьж, түүхнээ хараар тэмдэглэгдэн хоцорсон байна.
1850-1920
Автономит Монгол улсын Ерөнхий сайд "шанзав" хэмээх Гончигжанцанын Бадамдорж
... Бадамдорж би, насан бага цагаас Нийслэл хүрээний хурал, сургууль даган сууж, тамгын бичээчээс эхлэн да лам, гүжир хамба, эрдэнэ шанзудба, шашин төрд туслах сайдын тушаал, жүн ван ламын хэргэм, чин вангийн зэргийг дараа дараагаар хүртэж туйлд хүрсэн нь цөм Очирдариа Богд эзэн, улсын Эх дагина, багшийн аврал өршөөл ...
1868-1928
Балингийн Цэрэндорж
Хан Хэнтий нутаг. Монголын тулгар төрийг үндэслэн, улмаар дэлхийн талыг эзэгнэсэн их гүрнийг байгуулсан эзэн богд Чингис хаанаас эхлээд ард түмэн, Монгол төрийн төлөөнөө цөлх ухаан зарж, хатамжлан зүтгэсэн олон, олон сод хүмүүсийг төрүүлжээ. Тэдний нэг нь Арван тавдугаар жарны шар луу жилийн IV сарын шинийн 3 буюу аргын тооллын 1868 оны V сарын 25-нд Их Шавийн Хэрлэн бэрсдэй отог, эдүгээгийн Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд харц ард Балингийнд хувь тохион мэндэлсэн Монгол улсын ирээдүйн Ерөнхий сайд, хичээнгүй хэмээн алдаршсан Цэрэндорж байлаа.
1872-1914
Засгийн газрын тэргүүн, Дотоод яамны сайд, Да Лам Гомбын Цэрэнчимэд
Улиран өнгөрч буй зууныг үдэж, шинэ зууныг босгыг баттай алхсан энэ тулгар цагт монголчууд бид нэр төр, алдар гавъяаг нь дурсан хүндэтгэж, мэхийн ёслохоос аргагүй арван хуруу дарам цөөн их хүмүүний нэг нь даяар олноо Да лам хэмээн алдаршсан Гомбын Цэрэнчимэд бөлгөө.
1873-1931
Засаг залсан хутагт Цэрэндэжидийн Лувсанбалдан
Түүнийг Түшээт хан аймгийн говь мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг "Луугарын дэрс" гэдэг газар XV жарны харагчин тахиа жил /1873/ ядуу эмэгтэй Цэрэндэжидийн хүү болон мэндэлжээ гэсэн байдаг.
1872-1914
Гомбын Цэрэнчимэд
Улиран өнгөрч буй зууныг үдэж, шинэ зууныг босгыг баттай алхсан энэ тулгар цагт монголчууд бид нэр төр, алдар гавъяаг нь дурсан хүндэтгэж, мэхийн ёслохоос аргагүй арван хуруу дарам цөөн их хүмүүний нэг нь даяар олноо Да лам хэмээн алдаршсан Гомбын Цэрэнчимэд бөлгөө. Чингэхийн учир юу хэмээвээс тэрбээр өдгөөгийн дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, ардчилсан Монгол Улсын тусгаар байдлыг XX зууны эхэнд дахин сэргээсэн 1911 оны үндэсний хувьсгалын тулгын чулууг тавилцаж, тотгыг түшилцсэн томоохон зүтгэлтэн байлаа.
1874-1923
Цэдэнсодномын Дамдинбазар
XV жарны "хөх" хэмээх модон эр нохой жилийн зуны эхэн сар буюу 1874 онд Засагт хан аймгийн хотгойд гүн Загдсамбарын хошууны газраа Ойгон нуурын ойролцоох "Бугын чулуу" хэмээх газраа эцэг Цэдэнсодном, эх Содном хоёрын насан залууд нэгэн хөвгүүн хүй тасарч, хүмүүн заяа залгажээ. Тэр нэгэн цагт эгэл жирийн тэр айлд эрдэнийн солонго татаж, ер бусын сонин хачинд тооцогдон амьтан хүний яриа хэлийг хужирлаж байсан гэнэм. Эл хүмүүн бол Жалханз хутагтын найм дахь дүр, улмаар Монгол улсын Ерөнхий сайдын сэнтийд хоёр ч удаа заларсан Дамдинбазар байлаа.
1878-1919
Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн
1911 оны үндэсний хувьсгал сөнөж, мөхөхийн ирмэг дээр байсан монголчуудад хувь заяаныхаа эзэн болох бололцоо олгожээ. Шинэ тулгар Монгол улс байгуулагдмагц Дотоод яамыг тэргүүн зэрэгт тавьж, түүний сайд Засгийн газрыг тэргүүлж байсныг өмнө өгүүлсэн. Гэвч яамдын сайд нар зөрчилдөж эхэлсэн тул 1912 онд Олноо өргөгдсөн Монгол улс, түүний наран гэрэлт, түмэн наст Богд хаан Бүгд ерөнхийлөн захирах яам буюу Сайд нарын Зөвлөл байгуулж, Ерөнхий сайдаар цэл залуу 34 настай Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байна.
1878-1919
Монгол улсын анхны ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн
Халхын сайн ноён хан, Монгол улсын анхны ерөнхий сайд (1912-1919), Төгс-Очирын Намнансүрэн (1878-1919) одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт мэндэлсэн. Монголын Тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Ерөнхий сайд Т.Намнансүрэн 1913 оны 10 сарын 1-нээс анхны төрийн дээд айлчлалыг Хаант Орос улсад тэргүүлэн явав. 1919 оны 4 сард Сайн ноён хан Т.Намнансүрэн Нийслэл хүрээнд хорлогдон 41 насандаа нас баржээ.
1880-1922
Ерөнхий сайд Дамбын Чагдаржав
Билгийн улирлын тооллын XV жарны цагаан луу жил 1880 онд Их шавийн Чандмань отог, өдгөөгийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт ард Дамбынд нэгэн хөвгүүн эцэг, зхийн насан залууд мэндэлжээ. Эл хөвгүүн бол хожим Их хүрээнийхэнд «Цэцэг Чагдар гэлэн», Хөвсгөл нутгийнханд «Сайд лам» хэмээн алдаршсан Монгол Ардын Түр Засгийн газрын анхны дарга Чагдаржав байлаа. Дамбынх нэлээд чинээлэг айл байсан аж. Тэрээр хүүгийнхээ цовоо сэргэлэн байдлыг ажиж мэдээд, номын мөр хөөлгөхөөр шийдсэн байна.
1885-1922
Догсомын Бодоо
1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отог, одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төрсөн. Үндэсний ардчилсан хувьсгалын өмнө Их Хүрээн дэх Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, Шавийн яаманд бичээч, эх зохиох түшмэл, Оросын консулын дэргэдэх орчуулагчийн сургуульд монгол хэл бичгийн багшаар ажиллаж байсан.
1886-1941
Агданбуугийн Амар
ХҮ жарны улаан нохой жил 1886ондТүшээтхан аймгийн Дайчин вангийн хошууны Уулын гол "Маалын ам" хэмээх газар (Өдгөөгийн Булган аймгийн Бугат сум) нутаг эцэг, эхийн насан идэрт хувь тохион нэгэн хөвгүүн мэндэлсэн нь Агданбуу тайжийн отгон хүү, Монгол улсын ирээдүйн төр, засгийн тэргүүн, билгүүн номч эрдэмтэн, мэргэн сайд Амар байлаа.
1886 - 1941
Монгол улсын Ерөнхий сайд асан Анандын Амар
A.Амар : "Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна. Үнэн хэрэг дээрээ Монгол улсын нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс бол хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш!".
1894-1933
Цэнгэлтийн Жигжиджав
Үе үеийн эх орончдыг төрүүлсэн энэ нутагт 1894 онд Цэнгэлт овгийн Балжингийнд нэгэн хөвгүүн мэндэлсэн нь хожмын Монголын төрийн нэрт зүтгэлтэн Жигжиджав байлаа. Төрөлхийн цовоо цолгиун Жигжиджав хүү нутгийн өвгөн бичээчид шавь орж, "а" үсэг, ацаг шүд таниад зогссонгүй, бичгийн утгыг тайлахтайгаа болжээ. Тэрээр орь залуугаасаа хошуу тамгын газар улаач, зарлага, тал бичээч, бичээчийн алба залгуулж, төр, түмний хэргийг гадарлах болжээ.
1895-1937
Пэлжидийн Гэндэн
Арван тавдугаар жарны гал мичин жилийн улирлын 1895 ны VII сард Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн вангийн хошуу, өдгөөгийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын "Алтан тал" гэдэг газар малчин эмэгтэй Пэлжид нярайлж, анхныхаа хүүг төрүүлж, голомт залгах хөвгүүнтэй болсондоо магнай тэнийн баярлажээ. Сайхь хөвгүүн бол ирээдүйн Монгол улсын төр, засгийн тэргүүн болох хувь тохиосон Гэндэн байлаа.
1895-1940
Сангийн яамны сайд Санжийн Довчин
Довчин 12 наснаасаа гэрийн сургалтаар боловсрол олж, 1908-1912 онд хошуу тамгын газар бичээч, аймгийн чуулганы жинхэнэ бичээч, түшмэлийн албыг хаших болжээ. Тэрээр үүнийхээ зэрэгцээ Оросын шинжилгээний ангийн хүмүүстэй танилцаж газарчин, туслах ажилтнаар ажиллаж явахдаа орос хэлийг овоо зэгсэн сурч, Октябрийн хувьсгалын үзэл санаа, шинэ нийгмийн байгуулалтын талаар төсөөлөлтэй болж, нутгийн ядуучуудын талаар хошууны эрх баригчдаас явуулж байгаа бодлогыг шүүмжилж, буруушаасан нь дээдчүүлийн чихэнд хүрч хошуу ноён Норовжанцанд хавчигдан нутгаасаа дайжих шалтаг болжээ.
1895-1952
Хорлоогийн Чойбалсан
Дорнод Монгол түүхэн үйл явдлаар дүүрэн, олон арван түүхэн бие хүнийг төрүүлсэн өнө эртний түүхт нутаг болох нь шаштир цадигт мөнхрөн үлджээ. Тэдний дотроос Монголын ойрхи үеийн түүхэнд нүгэл, буяныг дэнслүүлэн орж ирсэн нэгэн томоохон түүхт хүн бол Хорлоогийн Чойбалсан юм. Тэрбээр 1895 оны II сард Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон төржээ. Уг нь түүний эцэг Манжуур дахь Дагуур Монголын газраас цагаачилж ирсэн Жамц хэмээх эр байсан аж.
1898-1938
Улсын бага хурлын дарга Завханы “шар” Дамдинсүрэн
Жанцангийн Дамдинсүрэн буюу шар хэмээх Дамдинсүрэн нь 1898 оны хуучин Сайн ноён хан аймгийн /Улаан хаалга/ хэмээх газар буюу одоогийн Завхан аймгийн Идэр сумын 3-р багийн малчин Жанцангийн 11 дэх хүү болон эхээс мэндэлжээ.
1903-1937
Улаан-Од-ын С.Дамдин
С.Дамдин 1903 онд Хан тайшир уулын аймгийн Бүс хайрхан уулын хошуу одоогийн Ховд аймгийн Дарви сумын нутагт ард Сундуйн хүү болон төржээ. Бага балчир насандаа эцэг эхийн гар дээр өсч хүмүүжин амьжиргааны ойр зуурын ажилд нь туслалцан мал маллан амьдралын арга ухаанд суралцсаар байв.
1916-1991
Маршал Юмжаагийн Цэдэнбал
Хуучнаар Дөрвөд баруун гарын үнэн Зоригт ханы аймгийн Зоригт ханы хошуу, одоогийн Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн нутаг, бөгөөд энд 15-р жарны улаан луу жилийн намар буюу 1916 оны 9-р сарын 17-ны өдөр ард малчин Юмжаагийнд нэг хүү мэндэлсэн нь хожмын Монголын төрийн ахмад зүтгэлтэн Ю.Цэдэнбал ажээ.
1921-1989
Монголч Эрдэмтэн Хангины Гомбожав
Америкт монгол судлалын үндсийг тавигчдын нэгд зүй ёсоор орох их эрдэмтдийн нэг Жон Гомбожав Хангин /Hangin John Gombojab/ 1921 оны дөрөвдүгээр сарын 3-нд Цахарын зүүн хошуунд язгууртан айлын хоёрдугаар хөвгүүн болон төрсөн.
1926-1996
Жамбын Батмөнх
Ард олны дунд түүнийг "Батмөнх багш", "Батмөнх дарга" хэмээн дурсан хүндэтгэнэ. «1990 оны цагаан морин жилийн үйл явдалд миний байр суурь» хэмээх өгүүлэлдээ "...Бид нийтээрээ ярьж заншсанаар социализм гэж нэрлэгдсэн 70 жилийн түүхтэй нийгмийн тэр тогтолцооны сүүлийн 15 жил 9 сарын хугацаанд Монгол улсын засгийн болон нам, төрийн тэргүүний ...онц хариуцлагатай албан үүргийг томилолтоор болон сонгуулиар гүйцэтгэх түүхэн хувь тавилан өчүүхэн миний хувьд оногдсон билээ" гэж Жамбын Батмөнх дурсан бичжээ.
Сансрын тогооч Рэгдэл доктор
Рэгдэл доктор сүүлийн үед өвөг эцгээрээ ихэд бахархдаг болсон гэнэ. Ардчилал ялснаас хойш Бигэрийнхэн тэдний удмынхныг тийн хүндлэх болжээ. Өнөө сураглах хэрэг гарвал “гэдгэр” тайжийнхан гэвэл түвэггүйхэн хэлээд өгөх юм шиг байгаа юм. Нутаг усандаа “гэдгэр” хэмээн алдаршсан Ядамсүрэн тайж бичиг үсэгт зэгсэн тайлагдсан, хамжлагат арддаа ивээлтэй, панз наймаа ч үсэргэчихдэг ер нь л гав шав хийсэн нэгэн байсан гэдэг.
Хөх Монголын төлөө халуун амь хайрангүй...
Энэ хугацаанд ДЯЯ-ны ажилтнууд Б.Лувсандоод харгис ширүүн эрүү шүүлт тулгаж, авах гэсэн мэдүүлгээ авч чаджээ. Уг мэдүүлэг: "Лувсандоо миний бие энэхүү хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүнд 1934 оны 11 сарын орчмоор Дэмидэд элсэгдэн орсон" гээд цааш нь өөрийн хийж гүйцэтгэсэн эсэргүү ажлынхаа тухай "Лувсандоо миний бие удирдагч Дэмидээс даалгасан ажлыг идэвхтэйгээр гүйцэтгэн биелүүлэхийг оролдож байсан боловч Монголтранс нь Холбоот улс лугаа хувь нийлүүлсэн байгууллага байсан ба ерөнхий удирдлага, ажилчин аппаратын дотор зөвлөх мэргэжилтэн нар оролцон ажилладаг учраас эсэргүү ажлыг тийн хамаа бусаар явуулж болохгүй байсан болой" гэжээ.
Номун хан Гончигдоо
Гончигдоо япончуудаас арайхийн салж нутагтаа буцахаар болж шавь Майдарыг сэм буцаан тэдэнд “Шавь минь халдварт хүнд өвчнөөр өвдлөө би өөрөө эмчилж байна. Өөр хүн гэрт орж болохгүй гэж хөл хорьсоор байлаа. Удалгүй шавь минь нас барлаа” гэж шар торгонд шарилыг нь боож оршуулан заль хэрэглэжээ. Гэтэл японы тагнуулын даалгавар бүхий Д.Өвгөн Д.Шаравжамц нар шарил ороосон шар торгыг зүсэж үзэхэд шавь Майдар нь биш нэгэн шар нохой байсныг илрүүлснийг сонсоод Гончигдоо хамгийн үнэнч итгэл бүхий холбоочин тагнуул Шаравыг дагуулан айлд гүрэм хийхээр явлаа гэдэг нэрээр 1934 оны есдүгээр сарын 16-нд оргон Монгол эх орныхоо хилийг алхаж Баянтүмэнд иржээ. Эх орныхоо төлөө тагнуулын албанд дөрвөн жил гаруй зүтгээд эх орондоо ирсний нь дараа дөрөвхөн хонуулаад 1934 оны есдүгээр сарын 20-нд хувьсгалын эсэргүү Японы тагнуулын хэрэгт холбогдуулан Г.Гончигдоог баривчилжээ.
avsan site www.mongolinternet.com

2 comments:

Daanjuur Ruujnaad said...

Huuye avsan survaljaa tavichij boloogui yum uu. Ug ni bi tsag zarj hiisen yumsan.
www.mongolinternet.com

bayarkhuu said...

tegye