Monday, July 21, 2008

Ард түмэнд үйлчлэхээр улстөрд орсон хүн хэзээ ч чөлөөлөгддөггүй

Цахиагийн Элбэгдорж: Ард түмэнд үйлчлэхээр улстөрд орсон хүн хэзээ ч чөлөөлөгддөггүй

Ардчилсан намын дар­га Цахиагийн Элбэг­дорж­той ярилцлаа.

-Та яагаад намын дар­гын суудлаа өгөхөөр бо­лов оо. Ардчилсан нам (АН)-ын дүрэм, журмын хувьд энэ асуудал хэрхэн ший­дэг­дэх бол?
-Намайг дарга болоход УИХ-ын 25 суудал АН-ынх байлаа. Тэгээд сонгуулийн үр дүнд АН 25 эсвэл түүнээс дутуу суудал авсан тохиол­долд намын даргаа өөрчлө­хөөр тусгаж дүрмээ баталсан.

-Тэгвэл та ажлаа өгөх шаардлагагүй юм биш үү. Шинэ парламентад та­най нам наад зах нь 28 суу­дал­тай байгаа?
-Монголын ардчилал маш хүнд байдалд орлоо гэж би харж байна. Ардчиллыг сэ­хээн амьдруулахын төлөө надаас хамаарах алхам бол намын даргын албан тушаа­лаа өгөх шийдвэр. Яагаад гэвэл, долдугаар сарын 1-ний явдал тэрнээс өмнөх сон­гуулийн үр дүн гээд бүх үйл явцыг өнөөдөр АН руу чиг­лүүлж, бурууг энэ намтай холбох хандлага байна. Тэр бүхнийг намын даргын хувьд өөртөө авч гарах ёстой. Ард­чиллын тулгуур багана бол­сон энэ байгууллагыг буруут­галгүйгээр цааш явуулах учиртай.

-Харин ч хүнд байдалд орсон гээд байгаа ардчилал улам бүр хамгаалалтгүй болох юм биш үү?
-Албан тушаал бол бус­дад, ард түмэнд л үйлчлэх утга. Албан тушаал бол өөрий­­гөө хамгаалах, амьд­ралаа залгуулах хэрэгсэл биш. Цаашид орон нутгийн сонгууль гээд улстөрийн үр­гэлжлэх үйл явц бүхэнд өн­гөрснийг надаар дамжуулж АН-тай холбоно. Тиймээс би хамт олноо цэвэр үлдээж, өөртөө хариуцлага авч байна. Шудар­га ёс тогтоо­хын төлөө ажил­ла­на, чадна гэж өөртөө итгэж байгаа.

-Эсвэл та ганцаараа АН-ын байр суурийг илэр­хий­лээд байх нь хэцүү байсан юм уу?
-Ардчилсан холбоо анх байгуулагдаж байхад манай "Хонх"-ын Цогтсайхан "Хо­риотой үед л хориогүй үг хэлдэг байсан. Бусад нь үг хэлэх байтугай Ардчилсан хол­бооны цуглаан дээр очи­хоосоо нуугдаж, хэвтдэг бай­лаа. Дараа нь хориогүй боло­хоор бүгдээрээ ялаа, батгана шиг шаагилдаж байна..." гэж бичсэн байдаг. Үнэхээр тэр нийгмийг хориотой байхад нь зад татаж бид хэлж, ярьж чаддаг байсан. Сая ч дол­дугаар сарын 1-нээс хойш би аль болох нийгэмд өөрийн байр сууриа илэрхийлэхийг оролдлоо. Тэр үед маш олон хүн чимээгүй болохыг хар­лаа. Одоо бол хүмүүс яриад, дуугараад эхэлж байна. Хүн бү­хэн яриад, шаагиад эхэл­бэл миний дуу намсч магадгүй.

-Та дуугүй болж, идэвх­тэй үүргээсээ өөрийгөө чөлөөлөх гэж байна гэж ойлгож болох уу?
-Тэдний дуу хоригдоод эхэлвэл би хүмүүсийн дуу хоолойг илэрхийлэх, эрх чө­лөөний туг болоод дахиад л гараад ирнэ. Юм бүхэн хааг­даж боогдоод хэцүү болвол би байж л байна. Надад ноогдсон энэ иргэний үүргээсээ би бу­цахгүй. Энэ үүргээсээ өөрий­гөө хэзээ ч чөлөө­лөх­гүй. Сүүлийн 18 жил би цаг ямагт олон мянган хүний эрх ашгийн төлөөлөл болж ажиллалаа. Хүмүүсийн шийдвэрийг гүй­цэлдүүлэхийн төлөө явсан. Удирдагч бол өөртөө биш тухайн хамт олон, байгуул­лагадаа харьяалагддаг. Би улс төр рүү орсон тэр цаг мөчөөс өөртөө харьяалаг­дахаа больсон хүн дээ. Одоо өөрөө өөрийнхөө өмнөөс тү­мэн олны төлөө зүтгэх үүрэг нэмэгдэх байх гэж л харж байна. Ард түмэнд үйлчлэ­хээр улстөрд орсон хүн чө­лөөлөгддөггүй.

-Таны шийдвэрийг хү­мүүс зөв, буруу гэж янз бү­рээр л хүлээж авч бай­на...
-Ажил авахад хэцүү, өгө­хөд хамгийн амархан. Би үнэхээр хүнд хэцүү замаар намын дарга болж байснаа санаж байна. Тухайн үеийн удирдлагуудын тэмцлээс болж АН-ын нэр хүнд зургаан хувь хүрсэн нь түүхэндээ байгаагүй уналт байв. Тийм үед сум бүхнээс хоёр төлөө­лөгч ирсэн 1000 гаруй гишүүн оролцсон хуралд маш том хөтөлбөр дэвшүүлж АН-ын дарга болж байлаа. Одоо бол зууралдах шаардлагагүй. Энэ ажлыг би өгөх шаард­лагатай юм байна, өгөхгүй бол на­дад итгэл хүлээлгэсэн хамт олонд минь, намын нэр хүндэд харш юм байна гэдэг ойлголт төрсөн цагаасаа л ажлаа өгье гэж бодсон, өгч чаддаг байх ёстой. Өнөөдөр энэ нийгмийг хараад байхад ажил авахдаа чадаж, буцаа­гаад өгөхийн төлөө бү­хэл бүтэн нийгэм, гэрээ сүйт­гэж байна. Ажлаа өгч сурах, ха­риуцлага хүлээж сурах, бус­дын зүгээс ирж байгаа ханд­лагыг зөвхөн өөрөө ха­риуцах чадвар бол өнөөдрийн улстөр, төрийн албанд байгаа хү­мүүст хамгийн чухал шаард­лага мөн гэж би боддог. Энэ бол ардчиллыг сэхээн амьд­руулах хамгийн гол хэрэгсэл.

-Намдаа хийсэн бүхнээ үлдээгээд та өнөө, мар­гаашгүй явах гэж байна уу. Тэр байтугай одоо хам­тарсан Засгийн газар гэхч­лэн бялуу хуваах яриа ч гарч байна?
-Шинэ УИХ-ын хийх ажил тодортол, цаашдаа монгол­чуудын төлөө юу хийх вэ гээд яриад эхлэх болтол надад өнөөгийнхөөрөө, намын дар­гаараа ажиллахад саад алга.

Бид дараагийн Үндэсний зөв­лөлдөх хорооны хурлаа ч товлоогүй байна. Би өөрийн­хөө дүгнэлтийг л хэлсэн. Мэдээж, шинэ УИХ-д бол миний оролцоо байсаар байх болно.

-Хүчтэй удирдагч өөрийн­хөө хариуцлагыг үүрч гардаг. Хүчгүй нь бус­дад тохдог гэж уншиж бай­сан юм байна?
-Би ямар нэгэн албан тушаалтай байхдаа биш ал­бан тушаалгүй байхдаа илүү гэ­рэлтдэг. Тэр цагт би өөрийн­хөө бодол, зорилгыг илүү их хэрэгжүүлж, тэмцэж чаддаг. Миний нэг онцлог гэж хэлж болно. Би хэзээ ч албан ту­шаалын боол болоогүй. Албан тушаалын эзэн байхыг хүс­дэгээс биш түүнд чирэгдэж, хамгаалуулж, албан ту­шаа­лаар хаалт хийхийг хүсээгүй, хүсдэггүй. Тийм учраас би нам руу шидэж байгаа чулуу, дайралт, гүтгэлгийг өөр дээ­рээ л авч байна. Үүнийг би даагаад гарч чадна.

Ардчилсан намын ард түмнээсээ авсан итгэлийг намдаа, шинэ удирдлагуудад үлдээх ёстой

-АН-ын дарга болс­ноо­соо хойш ямар ахиц дэв­шил гаргасан гэж бодож байна вэ?
-Манай намын гишүүд илүү мэднэ. Бид намаа ши­нэчилнэ, намаа шинэчлээд улсаа шинэчлэх хөтөлбөр дэвшүүлсэн. Үнэ­хээр намаа амжилттай шинэ­чилсэн. Ард­чиллын төлөө намуудын нэр хүндээр санал асуулга явуу­лахад АН сүү­лийн 16 жил, түүхэндээ дан­даа МАХН-ын дараа орсон. Харин 2006 оны хоёрдугаар хагасаас хойш АН Монголын улстөрд тэргүүлэх, нэр хүнд­тэй байр сууринд гарч ирсэн юм. Ард түмний дэмжлэг АН-ыг анх удаа Мон­го­лын улс­төрийн тэргүүлэх хүчин гэж тодорхойлсон. Ха­раат бус санал асуулгын дүнгээр за­рим газарт бол АН-ын нэр хүнд МАХН-аас бүр 50, түү­нээс ч илүү хувиар дав­сан. Ард түмнээс ирсэн энэ дэмж­лэгийг удаан хадгалаад явах боломжтой болсон.

-Яагаад намын даргаа­саа буух гэж байна вэ гэж хэв­лэлийн хурлын үеэр танаас асуухад "Улстөрийн бохир хандлага манай намд ч үүрэлчихээд байна" гэж хэлсэн. "Та нар чинь за­маасаа буцчихгүй юм бай­гаа биз дээ, энэ нийгэм чинь юу болоод байна вэ..." гээд хоолой чич­рүүлж хөдөө орон нутгаас ярьсан гэх хүмүүст хандаж бас та "Ард түмнийг өмөө­рөх, хамт байх улстөрийн хүчин бол АН. Бид бу­цах­гүй, та бүхэнтэйгээ цаг ямагт цуг байна" гэж мэ­дэгдсэн. Ингэж амалсан нам тэр улстөрийн бохир хандлагыг агуулж, олон санаа бодолтой байгаа бол ард түмнээ өмөөрч чадах уу?
-Нам бол хүмүүсийн нэг­дэл. Мэдээж, тэнд олон ашиг сонирхол байдаг. Хоёр хүн ч зөрчилдөх шалтгаантай. Тэр­нээс олон мянган гишүүнтэй намд янз бүрийн зөрчил бий. Гэхдээ нам бол хамт ол­ноороо, багаараа хэлэлцсэн шийдвэрээ хүндэтгэж, заавал биелүүлж хэрэгжүүлэх ёстой гэсэн чиг баримтлал надад байдаг. Өнгөрсөн хугацаанд би намын дарга байхдаа УИХ дахь намынхаа бүлэгт бай­гаагүй. Бүлэг, намын удирд­лага тусдаа ажилладаг нь хүндрэлтэй л байлаа. Нам дотор удирдлагаа эсэргүү­цэх, санал нийлэхгүй, намын үнэт зүйлээс тусдаа үйл ажил­­лагаатай, АН-ыг дотроос нь сулруулах зорилго, ханд­лага байнга байсан. Тийм үйл ажиллагаанд манай намын дотроос ч оролцоотой. Ер нь цаашдаа хоёр зам л надад харагдаж байгаа юм. Хөрөнгө, өнгө, мөнгөний явцуу эрх ашгаар улс орны бодлогыг тодорхойлох МАХН-ын ханд­лагатай эвлэрэх. Нөгөө та­лаасаа намын хамт олны шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа хүмүүсийг хасч, ха­риуцлага тооцох эсвэл намын эв нэгдлийг хадгалаад өөрөө ажлаа шилжүүлэх шаардлага үргэлж л тулгардаг байсан. Тиймээс би намынхаа дотоод эв нэгдлийг эрхэмлэж байна. Надтай зөрчилдөж байгаа хэсгийг замаасаа зайлуулах биш, би өөрөө зай тавьж өгье. Тэгээд нэгдсэн дүрэм жур­маараа дотроо асуудлаа шийдвэрлэдэг зам руу шил­жих нь зөв. АН-ын ард түм­нээ­сээ авсан итгэл, үр жимс, сайн сайхан бүхнийг намдаа, намын шинэ удирдлагуудад үлдээх ёстой. Энэ бол өөртөө итгэлтэй хүний хийх алхам байх.

-Тэгээд таныг явснаар АН-д эвлэрэл тогтоно гэж үү?
-Ер нь улстөрийн нам эрх барих үедээ янз бүрийн эрх ашгаас болж эв түнжингүй байх нь бий. Одоо бид ард түмний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй сөрөг хүчин боллоо. Ер нь намууд сөрөг хүчин байхдаа илүү эв нэгдэлтэй байдаг шүү дээ.

-"Ардчиллыг өлгийдөж ав­сан энэ ард түмний нүд­ний өмнө ардчилал мөхөж, амьс­гал хурааж байгааг үзлээ, сонин юм аа..." гэж та хэлж байсан. Үнэхээр ардчилал унаж байгаа цаг үе гэж харж байна уу?
-Ардчилал бол амьд тог­тол­цоо. Нялх хүүхдийг хуу­райл­даг шиг ардчиллыг өглөө бүхэн хуурайлж, асарч тор­дох ёс­той. Арчилгаа тордол­гоо нь хуулийн хэрэгжилт. Хуулийг хэ­рэгжүүлнэ гэдэг нь хариуц­лага тооцох. Тэгэхээр өглөө бүхэн, өдөр бүхэн хуу­лийг хэрэгжүүлж, хариуцлага тоо­цож, ард түмэн эрх ашгаа эдэлсэн бол ардчилал унах­гүй, мөхөхгүй. Гэтэл ард­чиллаар албан тушаал авах­даа баярлагсад өнөөдөр ард түмний саналыг луйвардаж байна. Хууль бол албан ту­шаалтан биш ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл манай хууль албан тушаалтныг хамгаалсан хэ­рэгсэл болж хувирсан боло­хоор ардчиллын багалзуурт барьсан сэрээ болчихжээ. Ард түмний шийдэл солигдсон цагт ардчилал унадаг. Хам­гийн том шийдэл нь сонгууль шүү дээ. Ард түмний сонголт гэдэг агуу том хуулийг албан ту­шаалтай үлдэх гэсэн шат шатны сонирхол өөрчил­чихлөө.

Ард түмэн хашир, ухаантай, мэдэрч байгаа

-УИХ-ын чуулганаар Зас­гийн газрыг огцруулах асуудлыг саяхан хэлэлцсэн тэр үйл явцыг та их шүүм­жилж байсан. АН-ын Үндэс­ний зөвлөлдөх хорооноос тавь­сан шийдвэр хэрэгж­сэнгүй. Та "Агентлаг, газ­рын дарга нар Ерөнхий сайдыг өмөөрөх даалга­вар­тайгаар хэлэлцүүлэгт орж ирэх биш шууд ажлаа өгөөд зайлах ёстой" гэх­чилэн ярьж байсныгаа тод­руулахгүй юу?
-Ер нь шийдвэр нь хэ­рэгждэггүй намын дарга байс­наас шийдвэр нь хэрэгждэг намын гишүүн байх нь дээр. Нөгөө талаасаа өнөөгийн УИХ бол ард түмний төлөөлөл болохынхоо хувьд онцгой, бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүй нь харагдаж байна. Тэр агентлагийн дарга нар УИХ-ын хэлэлцүүлэгт суух ч ёсгүй. Зөвхөн Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд л бүх тайлангаа тавих ёстой. Гэтэл агентлаг, газрын дарга нар УИХ-ын гишүүдийн өмнөөс өөрсдийгөө хамгаалсан, янз бүрийн мэдэгдэл хийсэн. Ингэж буруугаа нууж, авч гарах нь парламентын засаг­лалыг хүчгүй болгож байна.

-Яаж хүчтэй байх вэ?
-УИХ-ын хэлэлцүүлэгт асуултад хариулна гэдэг бол онцгой явдал. Парламентын нээлттэй хэлэлцүүлэг гэдэг нь ард түмний өмнө явагдаж байгаа хамгийн дээд хариуц­лага тооцох үйл явц. УИХ бол том ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн. Ард түмний эрх ашиг зөрчигдсөнийг хэ­лэлцэж байгаа бага ард түмэн бол их ард түмний хэмжээний хүчтэй байх ёстой. Энэ хүч­ний өмнө ямар ч албан ту­шаалтан худал мэдүүлэх ёсгүй, хэн ч хариуцлагагүй үг хэлэх учиргүй. Ер нь УИХ-ын бо­лон Байнгын хорооны нээлт­тэй хэлэлцүүлгээр орох нь гүйцэтгэх засаглалын хам­гийн хүсэшгүй, дээд хариуц­лагын хэлбэр юм. Тэгтэл өнөөдөр их ард түмнийг тө­лөөлсөн агуу их хүч, бо­лом­жоо манай УИХ-ын гишүүд ойлгохгүй байх шиг байна.

-Тэр агуу их боломжийг тэгээд яаж хэрэгжүүлэх ёстой юм бэ?
-Би нэг жишээ татъя. Хул­гай хийгээд Ганц худагт суу­гаа нэг нөхрийг УИХ-ын хэ­лэлцүүлэгт оруулахад яг тэр албан тушаалтнуудаас дутуу­гүй өөрийгөө хамгаалаад л гарна. Хулгай хийсэн хүн, агентлагийн дарга хоёрын хамгийн гол ялгаа нь албан тушаалыг том ард түмэн бий болгож, тэднээс сонгогдсон УИХ-ын гишүүн томилсон, ажил олгосон юм. Хувийн компанийн эзэн хүний өөдөөс буруугаа өмгөөлөөд байгаа ажилтан шууд хөөгдөнө дөө. Тэгээд хэлэлцүүлгийн дараа УИХ-ын нэр хүнд л унадагаас биш гүйцэтгэх засаглалдаа хариуцлага тооцсон, тэднийг хашраасан байдал огт алга. Энэ бол хамгийн буруу ханд­лага. Зүй нь бол асуулт тавь­сан УИХ-ын гишүүн "Би худал гэж үзэж байна. Энэ албан тушаалтантай хариуцлага тооцох ёстой. Та одоо өргөд­лөө өгч ажлаа орхи" гэхэд агентлаг, газрын дарга нар өөрийгөө элдвээр өм­гөөлөх өчиггүйгээр "Ард түм­ний тө­лөөлөл, гишүүн ингэж байгаа бол би хариуцлага хүлээе" гэх ёстой. УИХ-ын гишүүний үг ажил хэрэг болж, түүнийг эргээд гишүүнд мэ­дээлэх ёстой. Парламентын хүч тэгж л хэрэгжих ёстой. Хамгийн гол нь парламентын хэлэлцүү­лэгт зөвхөн үнэнийг хэлэх ёстойг хуульчилмаар байна. Тэр албан тушаалтан нэг худал үг хэлсэн бол тө­рийн албанд ч дахиж ажиллах боломжгүй болох хүртэлх тогтолцоо бүрдүүлэх ёстой.

-Үнэхээр хэлэлцүүл­гийн дараа УИХ-ын нэр хүнд унаж, за даа эндээс үнэн шударга шийдвэр гарахгүй, худал хуурмагийг хамгаа­лаад өнгөрнө гэсэн ханд­лага нийтэд бий болсон байх шүү?
-Өнөөдөр УИХ-ын гишүүн таван минут асуух эрхтэй гэж заасан байна. Энэ цагийг сунгах хэрэгтэй гэж би боддог. Тэгээд товлосон хугацаанд гишүүн асуу­гаад дараа нь хариулт авах байдлаар биш асууж, хариулж мэтгэлцэх ёстой. Өнөөгийн хэлэлцүү­лэгт бол нэг гишүүн 10 шахам асуулт тавих хоо­ронд хариу­лах хүн бараг эхний асуултыг нь март­ахаас наахнуур л байна. Тэгээд хамгийн сүүлд ха­риулж байгаа талдаа бүх боломж үлддэг. Би өөрөө гүйцэтгэх засаглалын байр сууринд байсан. Хамгийн сүүлд хариулж байгаад нь л давуу байдал дандаа үлддэг. Бүр хугацаагүйгээр, УИХ-ын танхимыг эзэгнэж, тэр бай­гууллагыг яллаад гарч байх шиг харагдаж байгаа юм. Дээр нь УИХ-ын гишүүн асуулт­­­даа хариулт авсны дараа заавал дүгнэлт хийж байх ёстой. Би санаж байна, Улсын бага хурлын гишүүдийн асуулгаар орсон тэр үеийн нэг сайд "Бага хурал гэдэг чинь ямар аймаар юм бэ" гээд хөлсөө арчаад, салга­лаад, чичрээд гарч байсан тухайгаа ярьдаг. Тэр үед бид мэдрэмжээрээ л чанд, шу­дарга ажилласан. Одоо бол парламентын хүч ямар байх ёстой талаар үзэж сонссон, мэдэж дуулсан жишиг их бий. Гэтэл манай парламент улам бүр араа, шүдгүй буйлан ам шиг болж байна. Ард түмний нүдэн дээр илт буруу шийд­вэр гаргаад, сүүлдээ ард түмний саналыг луйвардлаа. Энэ мохолт нь мөхөл рүү чиглүүлж байна. Эрх баригч­дын өөрсдийгөө үхэн хатан зөвтгөсөн зохио­мол жүжгийг ард түмэн ойл­гохгүй, ярьж хэлж байгаагаар нь хүлээж авч байгаа гэж тэд өөрсдөө итгэсээр байна. Гэвч тэдний жүжгийг ард түмэн нэвт харж чадна. Ард түмэн хашир, ухаантай, мэдэрч байгаа. Агентлаг, газрын дарга нь Ерөнхий сайдаа өмгөөлж, хамгаалахаар бараг асуулт хариултаа тохироод УИХ-ын хэлэлцүүлэгт орж ирсэн жүж­гийг ард түмэн гутаж харж суугаа.

-Та УИХ-д АН-ын нэг суудал болж орж ирж бай­гаа. Ярьж байгаа шигээ хүчтэй УИХ болгохын төлөө ажиллаж чадах уу?
-Үнэхээр ард түмний эрх, төлөөллийг бүрэн хэрэг­жүүл­дэг, хүчтэй УИХ байгаасай гэж хүсч байна. Өөрсдөө цалин мөнгө бүхнийг нь шийдэж, албан тушаалд томилчихоод дараа нь тэднийхээ боол, дагалдагч болдог УИХ бол ард түмний төлөөлөл биш. Энэ агуу ард түмний хүч, хүсэл сонирхолыг бүрэн дүүрэн шингээсэн газар болгохын төлөө байна.

No comments: